Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Александр Сирский Өрнөдийн зэр зэвсгийн тусламж дайны фронтод газардах хүртэл алба хаагчдаа зүүн бүс нутгаас эргүүлэн татахаар болсноо мэдэгдсэн байна
ОХУ-ын Батлан хамгаалах яамны удирдлагууд Украины зүүн бүс нутагт хуурай замын цэргийн хүчээ төвлөрүүлж эхэлсэн байна. Үүнтэй холбогдуулан Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Александр Сирский Өрнөдийн зэр зэвсгийн тусламж дайны фронтод газардах хүртэл алба хаагчдаа зүүн бүс нутгаас эргүүлэн татахаар болсноо мэдэгдсэн байна.

Өнгөрсөн Ням гарагт Украины зэвсэгт хүчний ерөнхий командлагч, хурандаа генерал Александр Сирский АНУ-ын хууль тогтоогчдын баталсан 61 тэрбум ам.долларын зэр зэвсгийн тусламжийн багцыг цаг алдалгүй нийлүүлбэл зүүн фронтод оросын армийн давшилтыг няцааж, нөхцөл байдал илүү тогтворжино гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн байна. Гэхдээ Александр Сирский "Фронтын нөхцөл байдал улам дордсон" гэдгийг Телеграм хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Өнгөрсөн 2-р сард ОХУ-ын арми Марынка сууринг эзэлсэн бол одоо Авдиевка хотын баруун хойд хэсгийг Украины цэргүүд хяналтаасаа алдаж байгааг тэрээр анхааруулжээ.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленський эзлэн түрэмгийлэгчдийн давшилтыг няцаах, тасалдуулахын тулд зэвсгийн нийлүүлэлтээ түргэтгэхийг олон улсын түншүүддээ дахин уриалсан байна. Ням гарагт тэрээр АНУ-ын төлөөлөгчдийн танхимын цөөнхийн удирдагч Хакем Жеффристэй ярилцаж, "Патриот систем болон дагалдах пуужингуудыг аль болох хурдан хугацаанд нийлүүлэх хэрэгтэй байгааг” уламжилсан байна.

Александр Сирскийгийн хэлснээр Украины цэргийн алба хаагчид Авдиевка хотоос хойд зүгт орших Бердычи, Семеновка тосгон болон Марынка хотыг орхин гарч, эдгээрийн суурин газрын ойролцоох Новомыхайловка тосгоны баруун талд хориглолтын байрлалд шилжин байршжээ.

Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ-ын зэвсэгт хүчин зүүн фронтод давуу талыг олж авсан төдийгүй дээр дурдсан гурван хот, тосгоныг эрхшээлдээ оруулсан байж магадгүй байна. Ерөнхийдөө Оросууд тактикийн тодорхой амжилтад хүрсэн бөгөөд дөрвөн бригадаар дайралт хийсэн гэж холбогдох албанаас мэдэгджээ.

Оросын армийн хувьд Украин зэвсэгт хүчний их бууны сум, хүн хүчний нөөц шавхагдсан нь давуу тал болж байна. Оросын арми Бастионы Авдийвка хотыг эзэлснээсээ хойш аажмаар урагшилсаар байна. Харин тэд Авдийовкаг эрхшээлдээ оруулсны дараагаас Очеретине тосгоны чиглэлд 15 км урагш шахсаар байна. Цаашилбал, Украины зэвсэгт хүчний мэдэлд байгаа Часив Яр хотыг хяналтдаа оруулахын тулд оросууд улайран зүтгэж байна. Энэ хот болон бүс нутаг нь өндөрлөг газар байрлаж, Костянтиновка, Славянск, Краматорск хотууд руу нэвтрэх гарц болж чаддаг тул тулалдааны гол түшиц газар болох боломжтой байна.