Бүх насаараа хорих ялаар шийтгүүлсэн хүнийг ажил хөдөлмөр эрхлэх, хохирлоо нөхөн төлөх боломжийг нээж өгөх хэрэгтэй

Гэмт хэргийн улмаас хохирсон иргэн нөхөн төлбөрөө авч чаддаггүй тогтолцоо манай улсад байна. Өөрөөр хэлбэл, хохирсон бол тухайн хүний хохь болоод өнгөрч байна гэхэд хилсдэхгүй. Манай улсад гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөрийн тусгай сан байдаг ч үүний зарцуулалт түүнчлэн хохирогчдын нөхөн төлбөр авч байгаа байдал туйлын хангалтгүй байна гэдгийг ХЭҮК-оос мэдээлж байна. Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн талаарх зарим тоон мэдээллийг хүргэе.

  • Засгийн газрын 22 тусгай сангийн нэг болох гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох санд 484 төлбөр авагчийн мэдээлэл бүртгэгджээ.
  • Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангаас 2012-2023 оны хооронд хохирогчдод нийт 2.6 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон байна.
  • Тус сангаас хохирогчийн эмчилгээний зардал, оршуулгын зардал, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсийг олгодог юм.
  • Эдгээр зардлаас гадна бүх насаараа хорих ял авсан этгээдийн хохирогчийн сэтгэл санааны нөхөн төлбөр авах заалтыг нэмэх хэрэгтэйг хуульч, судлаачид санал дэвшүүлсээр байна.

Өнгөрсөн 10-р сард Дорноговь аймагт 12 настай охин амь насаа алдсан хэргийн ялтан нь бүх насаараа хоригдох ял сонссон байдаг. Гэсэн ч хохирогч охины ээжид сэтгэл санааны нөхөн төлбөр болох 182 сая төгрөгийг ялтан Гантулга нь өгөх боломжгүй буюу бүх насаараа хоригдох ялтай этгээд ажил хийхгүй, ганцаараа тусгаарлагдан хоригддог байна. Тиймээс энэ төлбөрийг Засгийн газрын Тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж тус сангаас гаргах хэрэгтэйг Дорноговь аймагт гарсан 12 настай охины хэргийн өмгөөлөгч дараах байдлаар тайлбарлаж байсан юм.

Тэгвэл өнгөрсөн жил Хүний Эрхийн Үндэсний комисст бүх насаараа хорих ял шийтгүүлсэн хүнийг ажил хөдөлмөр эрхлэх, хохирлоо нөхөн төлөх боломжийг нээж өгөх хэрэгтэй гэсэн саналыг гаргажээ. Цаашлаад гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох асуудал туйлын хангалтгүй байгаа гэсэн юм. Үүнийг эргэн харах зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм.

Ийнхүү хохирогчийн нөхөн төлбөр төлөгдөх байдал манай улсад туйлын хангалтгүй байгааг хуульч, судлаачид хэлж байгаа юм. Мөн үүнийг засаж сайжруулахын тулд бүх насаараа хорих ял авсан этгээд хорих ангидаа ажил хөдөлмөр эрхлэх байдлыг нээж, хохирлоо эргэн нөхөн төлөх боломжтой болгох түүнчлэн гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох санд сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөрийг суулгаж өгөх зэрэг саналууд дэвшүүлсээр байгаа юм. Тэгвэл олон улсад хариуцагч тал нь нөхөн төлбөр төлж чадахгүй тохиолдолд хохирлын санг байгуулж, асуудлыг шийдвэрлэдэг байна.

Харин манай улсад шүүхэд нэхэмжлэл гаргах замаар сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөрөө гаргуулан авах боломжтой гэдгийг хууль зүйн байнгын хорооны дарга тайлбарлаж байна.

Ямар нэгэн байдлаар хохирсон этгээдийн сэтгэл санааны болон бусад нөхөн төлбөрийг барагдуулахтай холбоотойгоор хууль эрх зүйн орчныг ийнхүү сайжруулах, зохицуулалт хийх шаардлагатай байгааг хуульч, өмгөөлөгчид хэлж байна.