Бизнесийн байгууллагын эрх ашигт халдаж, үйл ажиллагаа явуулах боломжийг нийслэлийн зүгээс хааж байна гэж Сөүл рестораны захирал Ү Хён Мин мэдэгдлээ
Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайн 80 хувийг нь ногоон байгууламж, 20 хувийг нь тухлах талбай болгон тохижуулах ажил үргэлжилж байгаа. Тэгвэл энэ ажлын хүрээнд Сөүл рестораны орох гарах гарц болон зогсоолыг хааж, тус ресторан үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөлд хүрчээ.

НЗДТГ, “Рио Тинто” ХХК, “Үндэсний Соёл Амралтын хүрээлэн” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа “Паркаа хамтдаа бүтээе” төслийн хүрээнд хүүхдийн паркийн баруун жигүүрийг цэцэрлэгжүүлж, тохижуулах ажил үргэлжилж байгаа. Энэхүү бүтээн байгуулалтыг ирэх 6-р сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа гэдгийг нийслэлийн удирдлагууд мэдээлээд байгаа юм. Гэтэл энэхүү бүтээн байгуулалтын төлөвлөлтийг хийхдээ хүүхдийн паркийн тус хэсэгт 28 жил үйл ажиллагаа явуулж байгаа Сөүл рестораны зогсоол болон орж гарах гарцыг хааж төлөвлөлт хийжээ. Тиймээс бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалд хүрээд байгаа гэдгийг тус рестораны удирдлагуудын зүгээс мэдээллээ.

Сөүл рестораны хойд талын автомашины 50 зогсоолыг ашиглахаар холбогдох албаныхантай тохиролцсон. Гэтэл өнгөрсөн 4-р сарын 19-ний өдөр хотын дарга рестораны зогсоолыг бодох огт шаардлагагүй тул долоо хоногийн дотор бүх машиныг чөлөөл гэсэн. Энэ бол нэг төсөл хэрэгжүүлэх гэж бизнесийн эрх ашигт халдаж, үл тоомсорлож байгаа хэрэг гэж бодож байна гэж Сөүл рестораны захирал Ү Хён Мин мэдэгдсэн юм.

Ийнхүү бизнесийн байгууллагын эрх ашигт халдаж, үйл ажиллагаа явуулах боломжийг нийслэлийн зүгээс хааж байгаа талаар Сөүл рестораны зүгээс мэдээлж байсан юм. Мөн тус байгууллагын зүгээс газрын тухай хууль, авто зогсоолын тогтоол зэрэг хуулийн хэрэгжилтийг зөрчиж байна гэсэн юм.

Тэгвэл энэ асуудалд нийслэлийн удирдлагууд Сөүл рестораны газрын зөвшөөрөл анхнаасаа барилгын сууриараа байсан. Тиймээс эзэмшлийн газраасаа хэтрүүлэн хашаалсан хашаагаа чөлөөлөх, зогсоол хэлбэрээр ашиглаж байгаа газраа чөлөөлөх зэрэг шаардлага тавьсан гэсэн юм.

Ийнхүү нийслэлийн удирдлагууд бизнесийн үйл ажиллагаанд халдаагүй буюу анхнаасаа тус хэсгийн газар нь Сөүл компанийн эзэмшлийн газар байгаагүй гэсэн юм. Харин Сөүл рестораны зүгээс хүүхдийн паркийн тохижилтыг хийж дууссаны дараа орох гарах гарцгүй, зогсоолгүй болж хаалгаа барихад хүрээд байгаагаа тэд хэлж байсан юм.