УИХ-ын ээлжит сонгуульд 1500 орчим нэр дэвшигч өрсөлдөхөөр байна
Монгол улсын Сонгуулийн Ерөнхий хороонд 26 нам, 2 эвсэл улсын их хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн байна. Ирэх 6-р сард болох УИХ-ын ээлжит сонгуульд дунджаар 1500 орчим  нэр дэвшигч оролцох төлөвтэй байгаа бөгөөд нэр дэвшигчдийн нэр байрлах  саналын хуудас 80 см-ын урттай  байхаар урьдчилсан тооцоолол гарсан байна. Мөн өнөөдрөөс эхлэн 2 сарын хугацаанд иргэдийг шилжилт хөдөлгөөн хийхийг хязгаарлаж байна.

УИХ-ын ээлжит сонгууль болоход 2 сар орчмын хугацаа үлдэж байна. Энэ жилийн УИХ-ын ээлжит сонгууль холимог тогтолцоогоор зохион байгуулагдана. Сонгуулийн тойргийг томсгож байгаа учраас саналын хуудаст томоохон өөрчлөлт орохоор болжээ. Өмнө нь 202о онд болсон УИХ-ын сонгуулиар 600 орчим нэр дэвшигч өрсөлдсөн бол энэ удаад 1500 орчим нэр дэвшигч өрсөлдөх төлөвтэй байна. Тухайлбал 10 мандаттай тойрогт дунджаар 290 орчим нэр дэвшигчийн, нэр саналын хуудаст бичигдэхээр байна. Эдгээр нэрсийг нэг саналын хуудаст багтаахад дунджаар 80 орчим см-ын урттай хуудасны загвар гарах юм байна. Тиймээс сонгогчид олон нэр дэвшигчийн дундаас хариуцлагатай, оновчтой сонголт хийхийн тулд саналын хуудсыг зөв бөглөх,  урьдчилан нэр дэвшигчдийг судлах шаардлага үүсэж байгаа юм.

Ингэснээр Сонгуулийн Ерөнхий хорооны 2024 оны 22 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг монгол улсын их хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн баримт бичгийг хүлээн авч, нягтлан шалгаад сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанд танилцуулах юм. Монгол улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт  зааснаар Сонгуулийн Ерөнхий хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэрийг  гаргах юм байна. Мөн өнөөдрөөс эхлэн 60 хоногийн хугацаанд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хааж байна. Сонгуулийн тухай хуулийн дагуу санал авах өдрөөс 60 хоногийн өмнө иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоож сонгуулийн өдрийн маргааш буюу зургаадугаар сарын 29-ний өдөр нээхээр төлөвлөжээ.

Энэ жилийн УИХ-ын сонгуулийн тогтолцоо сонгогчдод илүү хүндрэлтэй байна гэдгийг судлаачид сануулсаар байгаа. Тухайлбал, өмнө нь нэг тойрог хамгийн ихдээ 3-4 мандаттай байсан бол энэ удаагийн сонгуулиар 8-10 хүртэлх мандаттай тойргууд байгаа юм.мөн түүнчлэн сонгогчийн боловсролыг дээшлүүлэх нь сонгуулийг зардал багатай, цаг хугацаа хэмнэн явуулахад эерэг нөлөө үзүүлдэг гэдгийг мэргэжилтнүүд онцолж байсан юм.