Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод 35 тэрбум долларын өртөгтэй нисэх онгоцны буудлын терминалын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн байна

Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод 35 тэрбум долларын өртөгтэй нисэх онгоцны буудлын терминалын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн байна. Аль Мактум хэмээн нэрлэсэн олон улсын нисэх онгоцны буудал нь жил бүр хамгийн ихдээ 260 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай байхаар төлөвлөгджээ.

Энэ нисэх онгоцны буудал ашиглалтад орсноор дэлхийн хамгийн том терминал болох юм байна. Зэрэгцсэн таван нисэх онгоцны хөөрөх зурвастай, 400 орчим терминалтай бөгөөд одоо ашиглаж байгаа Дубайн нисэх онгоцны буудлаас бараг тав дахин том байхаар төлөвлөгджээ.

Дубай хотын захирагч Шейх Моххамедийн хэлснээр нисэх онгоцны буудал ашиглалтад орсноор олон мянган хүн ажлын байртай болж, орон сууцны эрэлт хэрэгцээ нэмэгдэж, тэдний бүтээн байгуулалтын эргэн тойрон томоохон хот бий болох юм байна.

Энэ төсөл нь Дубай хотыг дэлхийн нисэхийн салбарын гол төв, боомт, жуулчдын дайран өнгөрөх томоохон бүс нутаг болгох зорилготой байна. Мөн Арабын Нэгдсэн Эмират улсын ирээдүй хойч үед үлдэх томоохон дэд бүтцийн ажил эхэлсэнд тус улсын иргэд баяртай байгааг Ройтерс агентлаг уламжилж байна.

Өнгөрсөн жил Дубайн олон улсын нисэх онгоцны буудлаар 87 сая зорчигч үйлчлүүлсэн нь цар тахлын өмнөх үзүүлэлтийг давсан байна. Мөн 2023 онд Дубай хот 17 сая жуулчин хүлээн авсан нь түүхэн амжилт болжээ.