“Долоогийн бүлэг”-ийн гишүүн орнуудын байгаль орчин, эрчим хүчний сайд нар нүүрсэн цахилгаан станцуудаас үе шаттайгаар татгалзах  эцсийн хугацааг 2035 оноор тогтоох тохиролцоонд хүрсэн байна
“Долоогийн бүлэг”-ийн гишүүн орнуудын байгаль орчин, эрчим хүчний сайд нар нүүрсэн цахилгаан станцуудаас үе шаттайгаар татгалзах  эцсийн хугацааг 2035 оноор тогтоох тохиролцоонд хүрсэн байна. Даваа гарагт Их Британийн эрчим хүчний сайд тохиролцоонд хүрснээ мэдэгдээд, бусад улс орнуудын хууль тогтоогчдод эергээр нөлөөлөх уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлогын шинэ нээлт болсныг онцолсон байна.

Уур амьсгал, хүрээлэн буй орчныг хамгийн ихээр бохирдуулж, цаг уурын өөрчлөлтөд нөлөөлж байгаа чулуужсан түлш буюу нүүрсний хэрэглээг хязгаарлах, цаашлаад татгалзах нь ихэнх улс орнуудын хувьд маргаан дагуулсан сэдэв юм. Тухайлбал өнгөрсөн 2023 онд япон улс нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 30 гаруй хувийг нүүрсэн цахилгаан станцын эх үүсвэрээс гарган авсан байна. Тиймдээ ч оны дараахан болсон “Долоогийн бүлэг”-ийн гишүүн орнуудын эрчим хүчний сайд нарын уулзалтын үеэр Японы хууль тогтоогчид өөрчлөлтөд бэлэн бус гэдгээ мэдэгдэж, нүүрс, чулуужсан түлшнээс татгалзах асуудлаар яриа хэлэлцээ өрнүүлэх саналд хориг тавьсан байна.

Тэгвэл өнгөрсөн Даваа гарагт Их Британийн эрчим хүчний аюулгүй байдлын сайд Эндрю Боуи, Италийн Турин хотод болсон уулзалтын дараа “2035 он гэхэд бид нүүрсний хэрэглээнээс бүрмөсөн татгалзах санамж бичигт гарын үсэг зурсан. Дашрамд дурдахад, энэ бол өнгөрсөн жил Дубай хотод болсон Cop28 дээд хэмжээний уулзалтын үеэр ч зөвшилцөлд хүрч чадаагүй асуудал юм. Харин бид түүхэн санамж бичигт гарын үзэг зурж баталгаажууллаа” хэмээн мэдэгдсэн байна.

Харин АНУ-ын Төрийн Департамент “Долоогийн бүлэг”-ийн эрчим хүчний сайд нарын тохиролцооны талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт АНУ-ын байгаль орчныг хамгаалах агентлаг нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд дэвшилтэт технологийг хэрэглээнд нэвтрүүлснээр байгаль орчныг бохирдуулж байгаа явдлаа зогсоох эсвэл 2039 он гэхэд үйл ажиллагаагаа зогсоохыг шаардах шинэ дүрэм журмаа танилцуулсан байна.

Шинжээчид Их Британи, Франц, Итали, Канад улсууд нүүрснээс татгалзах амлалтыг өгснөөс хойш хэдийн долоо гаруй жилийн хугацаа өнгөрөөд байгаа ч АНУ, Япон хоёр энэ асуудалд тодорхой байр суурь илэрхийлэхээс татгалзаж байсан юм. Харин энэ удаагийн уулзалтаар Долоогийн бүлэг-ийн гишүүн орнууд илүү амбицтай төлөвлөгөөтэй байгаа нь бусад улс орнуудад үлгэр жишээ болох төлөвтэй байна.

Өнгөрсөн жил Дубай хотод болсон Cop28 уур амьсгалын асуудлаарх хэлэлцээний үеэр дэлхийн бараг бүх улс орон чулуужсан түлшнээс татгалзахаар тохиролцсон ч нүүрсний хэрэглээг хориглох, татгалзах асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй юм.