Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга ирэх 9-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ

Хүүхэд хүчирхийллийн эсрэг 108 мэдээллийн төвд ирж байгаа дуудлагын 30 гаруй хувь нь үл хайхрах хүчирхийлэл, мөн хүүхдийг сэтгэл санаа бие махбодиор хүчирхийлсэн гэх мэдээлэл байна. Сүүлийн жилүүдэд хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэг зөрчил нэмэгдэх болсонтой холбогдуулан өнгөрөгч намрын чуулганаар хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэн баталсан. Тус хууль ирэх 9 дүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэх бөгөөд үе тэнгийнхний дээрэлхэлт, хүүхдэд үл хайхрах хүчирхийлэл үйлдэх зэрэг тодорхой зохицуулалт оруулжээ. Мөн архидан согтуурах үедээ хүүхдийн эрхийг зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх юм байна.

Хүүхэд хүчирхийллийн эсрэг 108 мэдээллийн төвд жилд дунджаар 11 мянга гаруй дуудлага мэдээлэл бүртгэгддэг байна. Үүнээс тэн хагас нь зорилтод буюу хүүхэд хүчирхийлэлд өртсөн талаарх мэдээлэл байна. Дуудлага мэдээллийн 30 хувь нь үл хайхрах хүчирхийлэлд өртсөн, харин  60 хувь нь сэтгэл зүй, бие мах бодийн хүчирхийлэл, 3 хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн, үлдсэн 7 хувь нь үе тэнгийнхний дээрэлхэлтэд өрсөн гэх мэдээлэл байна.сүүлийн жилүүдэд хүүхдийн эсрэг үйлдэгдсэн ноцтой гэмт хэрэг, нийгмийг цочроосон үйлдлүүд ихээр гарах болсон тул хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэн баталжээ. Уг хуулийн төсөлд үе тэнгийнхний дээрэлхэлт, ахуйн хүрээнд архидан согтуурч улмаар хүүхдийг хохироох, мөн хүүхдийг цахимаар дээрэлхэх зэрэг нийгэмд энгийн үзэгдэл болсон мэт эдгээр асуудлуудад хуулийн хариуцлага хүлээлгэдэг байхаар шинэ зохицуулалтуудыг оруулсан байна.

Хуулийн хэрэгжилтийг хангахад төрийн болоод хувийн хэвшил зэрэг бүхий л байгууллагын уялдаа холбоо чухал хэдий ч асуудлыг шийдвэрлэх эсвэл сэрэмжлүүлэхдээ хүүхдийн эрхийг зөрчихгүй байх нь нэн тэргүүний асуудал байна. Саяхан л гэхэд цагдаагийн алба хаагчид автобусанд зөрчил гаргасан хүүхдүүдийг олж илрүүлсэн ч олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан бурууг нь хүлээлгэсэн асуудал гарсан. Гэвч энэ нь хүүхдийн эрхийг зөрчсөн ноцтой асуудал гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тиймээс цаашид  хууль, шүүхийн байгууллагын алба хаагчдын үйл ажиллагаа, арга барил нь хүүхдэд ээлтэй, дээд эрх ашгийг нь хангасан үйлчилгээ явуулдаг байхаар хуулийн шинэчилсэн найруулгад тусгагджээ.

Ингэснээр 9-р сарын 1-ээс зөвшөөрөлгүйгээр хүүхдийн дүрс яриаг ашиглах, олон нийтэд түгээх нь хуулиар зохицуулагдах юм байна.