Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дахь Хялганат хээр, Дарьгангын тэгш өндөрлөг орчмыг “Түүхэн аялал жуулчлалын бүс” болгожээ
Манай улсын аялал жуулчлалын салбарт сүүлийн 2 жилийн хугацаанд даацтай ахиц гарч, олон жил яригдсан нэг сая жуулчин хүлээн авах зорилт биеллээ олох боломжтой болсон. Өнгөрсөн жил 700 мянга гаруй жуулчин манай улсад аялсан бол энэ жил илүү олон тооны жуулчин аялах хүлээлттэй байна. Мөн хууль эрх зүйн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэлснээр жуулчдын тоо нэмэгдэх боломжийг  бүрдүүлжээ.

Манай улсыг зорих жуулчдын дийлэнх хувь нь зуны улиралд буюу ердөө 3 сарын хугацаанд ирдэг. Гэвч сүүлийн хоёр жилд ирсэн жуулчдын тоо өсөн нэмэгдэж зөвхөн 2023 онд л гэхэд 700 мянга гаруй жуулчин 1.2 тэрбум ам.долларын орлогыг манай улсад оруулсан. Учир нь өнгөрсөн онд засгийн газрын тогтоолоор анх удаа өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөө гарч, Байгаль Орчин Аялал Жуулчлалын яам, Соёлын яам хамтран хэрэгжүүлжээ. Төлөвлөгөөний дагуу өнгөрсөн өвөл улсын хэмжээнд нийт 42 эвент арга хэмжээ зохион байгуулагдаж, дотоод гадаадын 200 мянга орчим жуулчин хамрагдсан нь тус салбарт түүхэн дээд үзүүлэлт болсон байна.

Тэгвэл энэ онд нэг сая жуулчин хүлээн зорилтоо биелүүлэхийн тулд хууль эрх зүйн хувьд хэд хэдэн шинэчлэл хийгдсэн байна. Тухайлбал, жуулчдын тоог 30 хувь нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, хил дамнасан аялал жуулчлалыг дэмжих зорилгоор “хил орчмын аялал жуулчлал”-ын журам боловсруулан, өнгөрсөн долоо хоногийн засгийн газрын хуралдаанаар батлуулжээ.

Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрийг хамрах Хялганат хээр, Дарьгангын тэгш өндөрлөг орчмыг “Түүхэн аялал жуулчлалын бүс” болгосноор тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэх боломж бүрдэх юм байна.