Хүүхэд залуучуудын театр улсын жишиг театр болох зорилт тавин ажиллаж байна
Манай улсад 27 жилийн дараа Хүүхэд залуучуудын театр эргэн үүд хаалгаа нээснээр нийслэлийн хамгийн их хүн ам төвлөрсөн Сонгинохайрхан дүүргийн 330 мянган иргэн төдийгүй нийт улсын хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох нөхцөл бүрдлээ. Театрын эхний жүжгүүд амжилттай тоглогдож эхэлсэн бөгөөд хүүхдүүд сэтгэл ханамж өндөртэй байна. Тухайн бүсийн иргэд өмнө нь урлаг соёлын үйлчилгээ авахын тулд хотын төв рүү явж түгжрэлд хугацаа алддаг байсан бол өнөөдөр гэрийнхээ дэргэдээс соёлын үйлчилгээ авч байгаадаа сэтгэл хангалуун байна гэдгээ хэлж байсан юм. 

4-р сард соёлын томоохон бүтээн байгуулалт ашиглалтад орсон нь Хүүхэд залуучуудын театр. Тус театр үүд хаалгаа нээснээр нийслэлийн хамгийн их хүн ам төвлөрсөн буюу Сонгинохайрхан дүүргийн 330 мянга гаруй иргэн заавал хотын төв рүү орж соёлын үйлчилгээ авах бус гэрийнхээ ойр орчимд соёлын үйлчилгээнд хамрагдах томоохон боломж бүрджээ. Хүүхэд залуучуудын театр залууст зориулсан “Хайрыг хайрла” жүжгээр алтан тайзны хөшгөө нээсэн бол энэ 7 хоногт хүүхдүүдэд зориулсан арслан хүлэгт баатар хүүхдийн жүжгээ толилуулж байна. Эцэг эх, асран хамгаалагчид сонгодог хийц, орчин үеийн технологи бүхий театрт соёлын үйлчилгээ авч байгаадаа ихээхэн сэтгэл хангалуун байсан бол хүүхдүүдийн дийлэнх нь анх удаа жүжиг үзэж байгаагаа хэлж байсан юм.

Тус театр нээгдсэнээр хүүхэд залуучууд урлаг соёлын арга хэмжээг авахаас гадна, уран сайхны бусад урсгал чиглэлийг танин мэдэх боломжтой болж байгааг театрын удирдлагын зүгээс хэлж байсан юм.

Хүүхэд залуучуудын театр нь сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжтэй улсын жишиг театр болох зорилтыг тавин ажиллаж байгаа юм байна. Тус театрт ажиллаж буй жүжигчдийн зүгээс удаан хугацаанд хүлээж байсан тул мөрөөдөл нь биелж байгаа юм шиг л санагдаж байгааг хэлж байна.

Тус театр нь зөвхөн жүжиг тоглоод зогсохгүй хүүхэд залууст зориулсан номын сан, кафе, дугуйлан болон бусад сургалтын цогц үйлчилгээг үзүүлэхээр бэлтгэжээ. Шинэ орчин, шинэ техник, шинэ театрын уран бүтээлчдийн зүгээс тун удахгүй “18 дахь хавар” уран бүтээлийг толилуулах бол 6-р сарын 1 буюу хүүхдийн баяраар багачуудад зориулсан олон арга хэмжээг төлөвлөн ажиллаж байгаа юм байна