“Кандидат” улс төрийн реалити нэвтрүүлгийг эхлүүлж, хоёр дугаарыг үзэгчдийн хүртээл болгоод байна
Иргэний нийгмийн байгууллагууд сүүлийн 3 удаагийн сонгуулиар иргэдээс судалгаа авахад дийлэнх нь улс төрд шинэ, залуу, чадварлаг боловсон хүчин харахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна. Тэгвэл “Монгол ТВ”-ийн хамт олон улс төрд шинэ, залуу манлайлагчийг тодруулах цоо шинэ шоу болох “Кандидат” улс төрийн реалити нэвтрүүлгийг эхлүүлж, хоёр дугаарыг үзэгчдийн хүртээл болгоод байна.

Сонгуулийн жил бол иргэд, олон нийт, уншигч, үзэгчдийн ухаанаа уралдуулж, хамгийн хэрсүү байх ёстой үе. Сонгуультай жил бүр тухайн улсын хэвлэлийн эрх чөлөө ч давхар шалгагдах нь бий.

Тэгвэл “Монгол ТВ”-ийн зүгээс нийгмийн бодит төлөөлөл болж чадах улс төрийн цоо шинэ дүр төрх тодруулах, тэднийг олон нийтэд таниулах зорилго бүхий “Кандидат” улс төрийн реалити нэвтрүүлгийн 2 дахь дугаараа үзэгчдийн хүртээл болголоо. Энэ дугаар нь зөвхөн оролцогчдод томоохон сорил болоод зогсохгүй үзэгч тэр дундаа залуучуудад улс төр, сонгуулийн үйл явцын тодорхой мэдлэг олгох дугаар болсон юм.

Монгол улсын өнцөг булан бүрээс 500 гаруй залуус нэвтрүүлэгт оролцох хүсэлтээ өгснөөс салбар бүрийг төлөөлөхүйц 100 залуус шалгарч эхний дугаарт өрсөлдсөн. Тэд мэдлэг, авхаалж самбаагаа шалгасан 100 асуултад хариулж 49 оролцогч хасагдан, 51 оролцогч дараагийн шатад шалгараад байсан.

2-р шатад шалгарсан 51 Кандидатыг 5 баг болгон хувааж, баг тус бүрд улс төрийн нам үүсгэн байгуулах даалгавар өглөө. Багууд намын бүтэц, тогтолцоогоо тодорхойлон намын болон сонгуулийн товч мөрийн хөтөлбөр боловсрууллаа. Боловсруулсан мөрийн хөтөлбөрөө сонгуулийн насны 100 үзэгчид 30, 30 минутын хугацаатайгаар танилцуулсан юм. Мэдээж улс төр бол нийгмийн бүх үе шатад хүртээмжтэй, асуудлыг тэгш шийдвэрлэх боломжит байх ёстой учир ажил мэргэжил, үзэл бодлын хувьд өөр өөр үзэгчдийг сонгожээ. Улмаар бүх багууд мөрийн хөтөлбөрөө танилцуулж дууссаны дараа үзэгчид сонгуулийн шинэ хуулийн дагуу нам болон оролцогчдод санал өгөх хэлбэрээр энэ удаагийн даалгавар явагдсан юм.

Нэвтрүүлэгт салбар бүрийн төлөөлөл оролцож байгаа учраас улс төр, эдийн засаг, хууль эрх зүй, хүний эрх, хөгжлийн зөвлөгөө өгөх менторуудыг ажиллуулж, намуудын даалгавар биелэлтийг мэргэжлийн экспертүүд буюу парламентад суудалтай гурван намын төлөөлөл шүүлээ.

Ийнхүү шинэлэг шийдэл, санаа бүхий мөрийн хөтөлбөр танилцуулсан хөгжил инновац технологи нам үзэгчдээс хамгийн олон санал авч, даалгаврын ялагчаар тодорсон юм.

Харин үлдсэн 4 багаас экспертүүдийн үнэлгээ болон санал хураалтын дүнгээр 11 оролцогчийг хассанаар дараагийн дугаарт 40 Кандидат шалгарч үлдлээ. Үзэгч та Кандидат нэвтрүүлгийг долоо хоног бүрийн мягмар, ням гарагт 21 цагаас хүлээн авч үзэх боломжтой бөгөөд Монгол ТВ-ийн Фэйсбүүк хуудас болон Youtube сувагт дугаар бүр байршиж байна.