Өнгөрсөн 4-р сараас хойш Кени улс даяар аадар бороо үргэлжлэн орсны уршгаар үерийн гамшиг нүүрлэж, хөрсний гулгалт үүссэн байна
Өнгөрсөн 4-р сараас хойш Кени улс даяар аадар бороо үргэлжлэн орсны уршгаар үерийн гамшиг нүүрлэж, хөрсний гулгалт үүссэн байна. Тэгвэл байгалийн гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан хүний тоо хэдийн 180-д хүрснийг тус улсын эрх баригчид Лхагва гарагт мэдээлсэн байна.

Үерийн улмаас Кени улсын томоохон хотууд усанд автаж, байшин барилга, зам талбай, нурж сүйдсэн төдийгүй  бүс нутгийн 800 мянга гаруй оршин суугч гэр орноо орхин явахад хүрснийг засгийн газар болон улаан загалмайн нийгэмлэгээс мэдээллээ. Түүнчлэн тэдний хөрш Танзани, Бурунди улсад олон арван хүн үерийн гамшигт нэрвэгдэж амиа алдсан байна.

Өнгөрсөн оны 12-р сарын сүүлээс эхлэн Эль-Нино буюу далайн гадаргуугийн усны температур хэлбэлзэх үзэгдлийн нөлөөллөөр Кени улсад үргэлжилсэн усархаг бороо орж, байгалийн гамшиг нүүрлэсэн юм.

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан АНУ-ын Засгийн газар Олон Улсын Хөгжлийн агентлагаар дамжуулан тусламж үзүүлэхээ мэдэгдсэн байна.

Мөн НҮБ-ын тусламжийн агентлагууд Кени улсын ард түмэнд тусламжийн гараа сунгахыг уриалсан төдийгүй тэднийг орхигдуулж, гамшгийн мэдээллийг олон нийтэд түгээхээс татгалзаж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудыг зэмлэн буруутгажээ.