Лхагва гарагт Гүржийн Парламент маргаан дагуулсан
Өнгөрсөн Лхагва гарагт Гүржийн Парламент маргаан дагуулсан "Гадаадын агент"-ийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг батлах санал хураалт явуулж, дэмжлэг үзүүллээ. Энэ үеэр Гүржийн Парламентын танхимын гадна талбайд олон мянган хүн орос улсаас үлгэр дуурайлал авсан хуулийн төслийг эсэргүүцэн жагссан байна.

Маргаан дагуулж байгаа хуулийн төсөлд санхүүжилтийнхээ 20 гаруй хувийг хилийн чанадаас босгодог байгууллагууд гадаадын төлөөлөгчөөр бүртгүүлэх ёстой байна. Энэ шаардлага нь өмнөд Кавказын улсад улс төрийн хямралыг өдөөж, он гарсаар сар бүр хүмүүс ажлаа тарсныхаа дараа эсэргүүцлээ илэрхийлдэг уламжлалтай болоод байна.

Гүржийн иргэд болон шүүмжлэгчид бүх нийтээр заавал дагаж мөрдөх Гадаад агентийн зохицуулалтыг оросын хууль гэж тодорхойлж, Владимир Путины өрсөлдөгчөө болон сөрөг үзэл бодлыг нухчин дарах зохицуулалтаас санаа авсан гэж буруутгаж байгаа юм.

Үүнээс гадна Гүржийн иргэд тэртээ 2008 онд ОХУ-ын Зэвсэгт хүчин   эх орон руу нь халдан довтолж, газар нутгийнх нь тодорхой хэсгийг эрхшээлдээ оруулсан явдлыг эрс зэмлэн буруутгаж, Москвад дургүй байдаг.

 Гүржийн олон мянган иргэн, сөрөг хүчний намууд, иргэний нийгмийн байгууллагууд, алдартнууд эрх баригч Гүржийн мөрөөдөл намын батлах гэж улайрч байгаа хуулийн төслийг эсэргүүцэж байгаа юм. Гэхдээ Гүржийн мөрөөдөл болон түүний холбоотнуудын хяналтад байдаг парламент өнгөрсөн Лхагва гарагт хууль тогтоомжийн хоёр дахь хэлэлцүүлэгт санал хураалт явуулж, намын шугамаар санал өгсөн нь  олон мянган хүмүүсийн дургүйцлийг төрүүлж, эсэргүүцлийн давлагаа үүсгэлээ. Одоо хуулийн төсөл батлагдахын өмнө Парламентаар дахин нэг санал хураалт явуулах ёстой байна.

Өнгөрсөн Лхагва гарагт 20 орчим мянган Гүржийн ирэн хуулийн төслийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж жагссан бөгөөд аюулгүй байдлын хүчнийхэн жагсагчдыг усан буу, нулимс асгаруулагч хий, дуу алдуулагч гранат ашиглан хүчээр тараасан байна.

Түүнчлэн хэлэлцүүлгийн дараа эрх баригч болон сөрөг хүчний намын хууль тогтоогчид муудалцаж, нударга зөрүүлсэн болохыг эх сурвалжууд хэвлэлд ярьсан байна.