Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн эрх зүйн орчин бүрдсэнээр оюуны бүтээлээр дамжуулан улсын ДНБ-ийг нэмэгдүүлэх боломжтой
Өнөөдөр УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төсөл нь Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, салбарын хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгох, бүтээгдэхүүн, үйлчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл явцыг нэмэгдүүлэх зорилготой юм байна. Чуулганы хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналуудад зүйл бүрээр санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь дэмжиж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

Дэлхийн улс орнууд урлахуйн үйлдвэрлэл болох соёлын бүтээлч үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж, эдийн засгийг төрөлжүүлэх, олон улсын тавцанд өрсөлдөх чадвартай олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгох, бүтээлч авьяас билгийг нөхөн сэргээгдэх нөөц байдлаар хөгжүүлэх гол салбараар нэрлэжээ. Манай улсын тухайд энэхүү салбарт 11 мянга гаруй аан үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 1.4 хувийг эзэлж байна. Иймд уг хуулийн төсөл батлагдсанаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар 2030 он гэхэд ДНБ-ий 4 хувьд хүрнэ хэмжээн үзэж хуулийн төслийг өргөн барьсан байна.

Сүүлийн жилүүдэд гаднын улсын соёлын нөлөөлөл манай улсад хүч түрэн орж ирж байгаа нь анхаарах шаардлагатай асуудлуудын нэг болсон. Тиймээс Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг төрөөс бодлогоор дэмжих нь зүйтэй гэдгийг уран бүтээлчдийн төлөөлөл хэлж байна.

Мөн тус хуулийн төслийг боловсруулсантай холбогдуулан УИХ-ын зарим гишүүд саналаа хэлж дэмжиж байгаа гэдгээ илэрхийлсэн юм.

Тэгвэл өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг явуулан хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналуудад зүйл бүрээр санал хураалт явуулж төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Байнгын хороонд шилжүүллээ.