Эммануэль Макрон хуурай замын цэргийн хүчнээ Украин руу илгээх талаар ийнхүү дахин ам нээсэн байна
Пүрэв гарагт Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон хэрэв ОХУ-ын Зэвсэгт хүчин фронтын шугамыг сэтэлбэл, мөн хэрэв Украины Засгийн газар хүсэлт илгээвэл Франц улс цэргийн алба хаагчдаа байлдааны талбар руу илгээх боломжтойг дахин мэдэгджээ. ОХУ-ын Зэвсэгт хүчин дайны фронтын шугам дагуу урагш давшиж, тактикийн ялалтуудыг байгуулж, хэд хэдэн суурин газрыг чөлөөлөөд байгаа энэ эмзэг үед Эммануэль Макрон хуурай замын цэргийн хүчнээ Украин руу илгээх талаар ийнхүү дахин ам нээсэн байна.

Пүрэв гарагт Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон “Экономист” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хуурай замын цэргээ Украин руу илгээх боломжтой гэх байр сууриа дахин илэрхийлсэн байна. Тэрээр "Хэрэв Оросууд фронтын шугамыг давах юм бол, хэрэв Украины Засгийн газар хүсэлт илгээх юм бол бид бэлэн байх ёстой. Бид хууль ёсны дагуу өөрсдөөсөө энэ асуултыг асуух ёстой” хэмээн хэлсэн байна.

Сэтгүүлч түүнээс зөвхөн Франц бус барууны цэргийг бүхэлд нь Украины илгээх төлөвлөгөөний талаар лавлан асуухад Э.Макрон “Мэдээжийн хэрэг өмнө нь хэлсэнчлэн би ямар ч төлөвлөгөөг үгүйсгэхгүй, учир нь та нөхөд юуг ч үгүйсгэдэггүй хүнтэй нүүр тулаад байна” хэмээн хошигносон байна.

Францын ерөнхийлөгч Европын улс орнууд өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй төдийгүй ОХУ-ын бүс нутгийн тогтворгүй байдлыг алдагдуулж, тэр дундаа цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж сүрдүүлж байгааг онцолсон байна. Үүнтэй холбогдуулан тэрээр  "Хэрэв Орос Украинд ялалт байгуулбал Европын аюулгүй байдалд төгсгөл ирэх төдийгүй В.Путин түрэмгийлэл зөвхөн Украин улсаар тогтохгүй, Молдав, Румын, Польш, Литва болон бусад хөрш орнуудад аюул заналхийлэл учруулна” гэдгийг хэлсэн байна. 

Өнгөрсөн 2-р сард Парис хотноо Европын Холбооны гишүүн орнуудын удирдагч нарын уулзалтын дараа Эммануэль Макрон анх Францын хуурай замын цэргийн хүчнийг Украин руу илгээх төлөвлөгөөг үгүйсгэхгүй гэж мэдэгдсэн төдийгүй ОХУ болон холбоотнуудынхаа шүүмжлэлд тэрээр өртсөн юм.