Иргэд Election.Burtgel.gov.mn цахим хаягт хандан өөрийн хаяг дээрх сонгуулийн насны иргэдийн мэдээллийг шалгах боломжтой

Сонгуулийн ерөнхий хороо өнгөрсөн 4-р сарын 1-ээс эхлэн шинээр нээсэн цахим хуудаст сонгогчдын нэрсийн жагсаалтыг байршуулсан. Иргэд сонгогчид тухайн цахим хуудаст хандан өөрийн хаягийн бүртгэл дээрх сонгуулийн насны иргэдийн нэрийг шалгаж болохоос гадна тус хаяг дээр танихгүй эсвэл өөр хүн бүртгэлтэй байвал гомдол гаргаж шийдвэрлүүлэх боломжтой болох юм. Гэвч өнөөдрийг хүртэлх нэг сарын хугацаанд ердөө 17 мянган сонгогч л тухайн цахим хуудаст нэвтрэн мэдээллээ шалгасан нь тун хангалтгүй үзүүлэлт гэдгийг улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ. Үнэтэй холбогдуулан сонгууль дөхөхөөр нэмэгддэг иргэний шилжилт хөдөлгөөний талаарх тоон мэдээллийг хүргэе.

  • Хамгийн сүүлд сонгуульгүй жил буюу 2019 оны эхний 4 сард 145 мянган иргэн хаягийн шилжилт хийлгэж байсан бол 2020 оны сонгуулиар иргэний шилжилт хөдөлгөөнийг түр хязгаарлахаас өмнөх нийт 4 сарын хугацаанд 229 мянган иргэн хаягийн шилжилт хийлгэж байжээ.
  • Харин энэ жил эхний 4 сард дээрх тоо багасаж, 70 мянган иргэн хаягийн шилжилт хийлгэсэн байна. Энэ нь өмнөх сонгуулийн жилүүдтэй харьцуулахад иргэний шилжилт хөдөлгөөн 70-80 хувиар багассан үзүүлэлт юм.
  • Гэвч энэ жилийн шилжилт хөдөлгөөнийг өнгөрсөн 2023 оны мөн үетэй харьцуулахад 10 мянгаар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
  • Энэ жилийн эхний 4 сард E-Mongolia цахим системд 1308 бүртгэлийн захиалга ирсэн байна. Эдгээр захиалгуудад бүртгэлийн мэргэжилтэн биечлэн ажиллаж, баталгаажуулж байгааг холбогдох албанаас мэдээллээ.

Он гарснаас хойш 4 сарын хугацаан дахь иргэдийн шилжилт хөдөлгөөний тоон мэдээллээс харахад нийслэл доторх шилжилт хөдөлгөөн хамгийн их хийгджээ. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт 12 мянган иргэн, Хан-Уул дүүрэгт 10 мянган иргэн хаягийн шилжилт хийлгэсэн байна. Тэгвэл энэ нь тухайн дүүрэг, хорооны засаг захиргааны шилжилт хөдөлгөөнтэй ч хамааралтай байж болдог гэдгийг хэлж байна.

Манай улсад анхны чөлөөт сонгууль явагдсанаас хойших 9 дэх удаагийн УИХ-ын ээлжит сонгууль ирэх 6-р сард зохион байгуулагдах гэж байна. Сонгуультай жил бүр “царцаа нүүдэл” буюу иргэдийн шилжилт хөдөлгөөний асуудал хөндөгддөг. Тухайлбал, сонгогчийн боловсролын төвд иргэдээс ирж буй 10 дуудлага тутмын 8 нь иргэний хаягийн бүртгэлийн асуудал байдаг байна.

Тэгвэл энэ жилээс эхлэн иргэд өөрсдийн хаягийн бүртгэл дэх сонгуулийн насны өрхийн гишүүдийн нэрийг шалгаж, хэрэв танихгүй буюу өөр хүн бүртгэлтэй байгаа бол гомдол гаргаж шийдвэрлүүлэх бүрэн эрхтэй боломжтой болсон. Сонгуулийн ерөнхий хороо өнгөрсөн 4-р сарын 1-ээс эхлэн шинээр нээсэн цахим хуудаст сонгогчдын нэрсийн жагсаалтыг байршуулж эхэлсэн. Гэвч нэг сарын хугацаанд ердөө 17 мянган сонгогч л тухайн сайтад хандаж мэдээллээ шалгажээ. Гэтэл манай улсын сонгуулийн насны иргэдийн тоо 2 сая 200 мянга юм. Түүнчлэн иргэд хаягийн бүртгэлд тодорхой ая холбогдол өгдөггүй, нүүсэн ч хаягаа шилжүүлдэггүй асуудал цөөнгүй гардаг байна.

Сонгуулийн үеэр сонгогчийн нэрийн жагсаалттай холбоотой будилаан, зөрчил гаргахгүйн тулд иргэний үүрэг хамгийн чухал байна. Өөрөөр хэлбэл, сонгогч Election.Burtgel.gov.mn цахим хаягт хандан өөрийн хаяг дээрх сонгууль  өгөх насны иргэдийн бүртгэлийг шалгаж, зөрүүтэй тохиолдолд мэргэжлийн байгууллагад заавал мэдэгдэн зөрчлийг арилгуулах шаардлагатай байна.