Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт ороогүй
Өнөөдөр УИХ-аар хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай болон эдгээр хуулийн төсөлтэй дагалдан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд  Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээрийг байгуулах, өөрчлөн байгуулах зэргээр нийслэл хот дахь төвлөрлийг задлах холбогдол бүхий асуудлуудыг тусгажээ. Гэвч УИХ дахь АН-ын гишүүдийн зүгээс хуулийн зарим зүйл заалт нь үндсэн хуулийг зөрчиж, шинэ дарга нарын бүтцийг бий болгохоор зорьж байна гэж үзэж байна.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оролгүй өдийг хүрчээ. Улмаар нийслэл хотын хөгжил багахан газарт төвлөрөх болжээ. Тухайлбал хотын төвийн 86 га талбайд төрийн бүхий л байгууллага болон, шүүх эрх мэдлийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж байгаа нь  түгжрэл, хүн амын бөөгнөрөл үүсэх гол шалтгаан болж байна гэж хууль боловсруулагчид үзэж байгаа юм. Хэрэв уг хуулийн төсөл батлагдвал улсын зэрэглэлтэй болон орон нутгийн зэрэглэлтэй хот, түүнчлэн тосгоны өөрийн удирдлагыг шинэчлэн зохион байгуулах, тэдгээр нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харилцаанд оролцох эрх зүйн үндэс бүрдэх юм байна. Ингэснээр иргэд төрийн үйлчилгээг цаг алдалгүй богино хугацаанд авах, боломж бий болох юм байна.

Тэгвэл УИХ-ын зарим гишүүдийн зүгээс энэхүү хуулийн зарим зүйл заалт нь үндсэн хуулийн 57.1 дэх зүйл заалтыг зөрчиж байна гэж үзэж байгаа юм. Уг зүйл заалтад нийслэл хот дүүргүүдэд хуваагдана гэж заасан байна. Тэгвэл одоо өргөн баригдаж буй хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийслэл Улаанбаатар хотыг 14 хотод хуваан тус бүрд нь  хөгжүүлэх, мөн 204 хороог 42 нэгж болгон орон нутгийн хотын статустай томсгох, ингэснээр хороодын удирдлагууд шууд төсвөө захиран зарцуулах эрх мэдэлтэй болно гэж заажээ.

Нийслэлд дотоодын нийт бүтээгдэхүүний 63 хувь үйлдвэрлэгдэж, худалдаа үйлчилгээний 84.0 хувь, аж ахуйн нэгжүүдийн 70.0 хувь, их, дээд сургуулийн 90 хувь, бүртгэлтэй авто машины 84 хувь нь төвлөрч байгаа юм. Тэгвэл энэхүү хуулийн төслийг  МАН-ын дийлэнх гишүүд уг хуулийн төслийг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлж байсан юм.

Нийслэл Улаанбаатар хотоос гадна Хөшигийн хөндий буюу Шинэ Зуунмод хот, шинэ Хархорум, Дархан, Эрдэнэт, Багануур, Налайхыг улсын зэрэглэлтэй хот болгон хөгжүүлэх, цаашид улсын зэрэглэлтэй хоттой болох эрхзүйн боломж нээх хуулийн төслүүдийг хамтатган өргөн мэдүүлээд байгаа юм.