Казахстаны сайд асан Бишимбаев эхнэрээ санаатайгаар хөнөөгөөгүй гэж мэдэгджээ

Казахстан улсын эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевыг өнгөрсөн оны 11-р сард эхнэрээ хөнөөсөн гэмт хэрэг үйлдсэн юм. Уг хэргийн шүүх хурал үргэлжилж байгаа бөгөөд өчигдөр буюу Даваа гарагт шүүх хурлын ээлжит сонсголоор яллагдагчд Бишимбаев болоод түүний үеэл Байжановын сүүлчийн мэдүүлгийг сонссон байна.

Даваа гарагт Казахстаны нийслэлд болсон шүүх хурлын ээлжит сонсголын үеэр яллагдагч Бишимбаев тангарагтны шүүгчдийг хүн амины хэрэгт бодитоор хандахыг уриалсан төдийгүй түүнийг үзэн ядах үзлийг дэвэргэж байгаа цахим давалгаанд автахгүй байхыг шүүгчдээс хүссэн байна.

Яллагдагч эхнэрийнхээ амь насыг хөнөөх зорилгоор биед нь халдаагүй, ийм гунигт төгсгөлд хүрнэ гэж огт төсөөлөөгүй гэж хэлсэн байна. Мөн тэрбээр гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч, хэргээс мултрах, бултах хүсэлгүй байгаа ч олон нийтийн сүлжээнд өрнөж байгаа түүний эсрэг кампанит ажил ял шийтгэлийг улам хүндрүүлэхэд нөлөөлж байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.

Түүнчлэн Бишимбаев Нукеноваг санаатайгаар хөнөөгөөгүй, бүх зүйл асар богино хугацаанд болж өнгөрсөн гэж мэдэгдсэн байна. Харин прокурорууд түүнийг эхнэрээ тамлан зовоосон, хүчирхийлэл үйлдэж хүн амины хэрэг үйлдсэн, мөн давтан хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байгаа төдийгүй түүний үеэл Бахытжан Байжановыг гэмт хэргийг нуун дарагдуулах гэж оролдсон хэмээн буруутгаж байгаа юм.

Казахстан улсад гэрлэлтээ бүртгүүлсэн зургаан эмэгтэй тутмын нэг нь жил бүр ямар нэг байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг талаар судалгааны тайлан байдаг ажээ.