ОХУ-ын олборлож байгаа байгалийн хийг Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-ын хойд бүс нутгийн аж үйлдвэрийн бүсэд хүргэх эрчим хүчний дэд бүтцийн энэхүү төсөл нь Бээжин, Москва хоёрын “Хязгааргүй” стратегийн түншлэлийн бэлгэдэл гэж тайлбарладаг байна. Энэхүү дэд бүтэц ашиглалтад орсноор ОХУ жилд 50 тэрбум шоо метр байгалийн хийг Хятад улсад нийлүүлснээр өрнөдийн зах зээлийг орлуулах боломж бүрдэх юм.
Гэхдээ өнгөрсөн 2022 онд Украины дайн эхэлсний дараа сибирийн хүч 2 хийн хоолойн дэд бүтцийн төслийн ажлын ахиц дэвшил нуран унасан төдийгүй АНУ тэргүүтэй өрнөдийнхөн Бээжин, Москва хоёрын харилцааны төлөв байдлын гол хэмжигдэхүүн нь энэхүү бүтээн байгуулалт гэж ойлгож байгаа юм.
Тав дахь удаагийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн В.Путины хувьд хийн хоолойн төслийг бодитоор ажил хэрэг болгоход ач холбогдол өгч байгаа ч гэрээнд оролцогч бусад талууд, тэр дундаа Бээжингийн зүгээс анхаарлаа хандуулж байгаа эсэх нь тодорхойгүй байгаа талаар нэрээ нууцалсан оросын хэд хэдэн хууль тогтоогч мэдэгдсэн байна. ОХУ-ын зарим дотоодын хэвлэлүүд хийн хоолойн төсөл “Сүүдэрт үлдсэн” гэж мэдээлж байгаагаас гадна гэрээнд оролцогч талууд бүтээгдэхүүний үнийн санал дээр зөрчилдөж байгаа юм байна.
Нөгөөтээгүүр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятад улс жилд 390 тэрбум шоо метр байгалийн хий ашигладаг боловч олон эх үүсвэрээс эрчим хүчний нөөцөө бүрдүүлэх бодлого баримталж байгаа, мөн тус улс АНУ, Австрали, Индонези, Малайз, Катар зэрэг улсын олборлогчдоос байгалийн хий худалдаж авсаар байгаа талаар мэдээлсэн юм. Мөн Бээжин сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг идэвхтэй ашиглаж байгаа нь Хятад улс ОХУ-аас худалдан авах байгалийн хийн хэмжээг нэмэгдүүлэх сонирхолгүй болохыг илтгэж байна гэж шинжээчид үзэж байна.
Бээжин, Москва хоёр Сибирийн хүч 2 хийн хоолойн төслийн нарийн ширийнийг хэлэлцэж байх үед Хятад - Туркменистан хоёр улс Төв Азийн хийн хоолойн төслийг хэдийн урагшлуулж, бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлээд байгаа юм.