2012 оноос хойш ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын үүрэгт албыг хашсан Сергей Шойгу албан тушаалаасаа чөлөөлөгдлөө. Өнгөрсөн ням гарагт ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин гэнэтийн шийдвэр гаргаж, өдгөө 65 настай эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн, тус улсын Сангийн сайд асан Андрей Белоусовыг Батлан хамгаалахын сайдын албан тушаалд томилох саналыг гаргасан байна.
В.Путин 2012 оноос хойш Батлан хамгаалахын салбарыг авч явсан, эртний анд, өөрийн дотнын нөхөр, холбоотон Сергей Шойгуг ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн Нарийн Бичгийн дарга болон цэрэг-аж үйлдвэрийн цогцолборыг хариуцуулаасай гэж хүсэж байгааг Кремлийн мэдэгдэлд дурджээ. Харин одоогийн Аюулгүйн Зөвлөлийн Нарийн Бичгийн дарга Николай Патрушевийн шинэ албан тушаалыг хараахан зарлаагүй байгаа юм байна.
ОХУ-ын төрийн Думын гишүүд батлах нь нэгэнт тодорхой болсон томилгоонууд нь тав дахь бүрэн эрхээ эдэлж эхэлсэн В.Путины цэргийн командлалын бүтцэд оруулсан хамгийн чухал өөрчлөлт болж байна.
Ням гарагт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Одоогийн байдлаар ОХУ 1980-аад оны дундуур цэрэг, хууль сахиулах байгууллагууд дотоодын нийт бүтээгдэхүүний 7-оос дээш хувийг бүрдүүлдэг байсан ЗХУ-ын үе шиг нөхцөл байдалд хүрэх дөхөж байгаа тул Андрейгийн томилгоо хамгийн тохиромжтой гэж үзэж байгаа” тухай мэдэгдсэн байна.
В.Путины ойрын хүн гэгддэг Сангийн сайд асан Андрей Белоусов нь оросын удирдагчийн хүчирхэг төрийг сэргээн босгох үзэл баримтлалыг тууштай дэмждэг нэгэн бөгөөд инновацийг бүхий л салбарт нэвтрүүлэхийг хүсдэг, шинэ санаанд нээлттэй ханддаг эдийн засагч гэдгийг шинжээчид хэлж байна. Тэрээр Оросын нисгэгчгүй сөнөөгч онгоцны хөтөлбөрийг шинэ түвшинд хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
Нөгөөтээгүүр В.Путины томилгоо нь Өрнөдийн хориг арга хэмжээ үр дүнд хүрээгүй тул оросын эдийн засгийг илүү дайны байдалд шилжүүлэхийг хүсэж байгаа гэдгийг тод илрэл болж байна.
ОХУ-ын Жанжин Штабын дарга Валерий Герасимо, Гадаад Хэргийн сайд Сергей Лавров, холбооны аюулгүй байдлын алба болон гадаад тагнуулын албаны дарга Александр Бортников, Сергей Нарышкин нарыг албан тушаалд нь үлдээсэн байна.