Соёлын яам 2027 он гэхэд соёлын бүтээлч үйлдвэрлэлд эзлэх ДНБ-ий хэмжээг 4 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна

Ойрын 5 жилд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувийг соёлын бүтээлч үйлдвэрлэл эзэлнэ гэдгийг олон улсын судалгаагаар тогтоожээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар манай улсын соёлын бүтээлч үйлдвэрлэл нь 481.4 тэрбум төгрөгийн зах зээлд 33 мянган ажлын байрыг бий болгож, дотоодын нийт бүтээгдэхүүний 1.4 хувийг бүрдүүлж байна. Засгийн газраас 2027 он гэхэд 1,4 хувийг нэмэгдүүлэн 4 хувьд хүргэхээр бодлогын ажлууд хийхээр төлөвлөжээ. Энэ төлөвлөгөөний хүрээнд өнөөдөр МУ-ын СОЁЛЫН сайд Ч.Номин соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзалт хийсэн байна.

Түүнчлэн үндэсний соёл шингээсэн бүтээлч үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ инновацжуулж дэлхийн зах зээлд гаргаж буй олон жишээг соёлын яамнаас зохион байгуулж буй соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөний үеэр үзэсгэлэнд дэлгэсэн байна.

Тэгвэл дотооддоо төдийгүй дэлхийн зах зээлд илүү хурдацтай хөгжиж одоо байгаа дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх 1.4 хувийг өсгөж, бодлогоор дэмжихийн тулд нэн тэргүүнд хууль эрх зүйн бүрдэх шаардлагатай. Тиймээс соёлын яам байгуулагдсан даруй анх удаа улсын хэмжээнд соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн суурь судалгааг 2 жилийн турш хийж, салбарын 4000 гаруй төлөөллөөр хэлэлцүүлсний дүнд Соёлын Бүтээлч Үйлдвэрлэлийг Дэмжих тухай хуулийн төслийг боловсруулсан УИХ-д өргөн барьсан. Тус хуулийн төслийг УИХ-аар дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлдээд байгаа энэ үед салбарын бүтээгчдийн зөвлөгөөнийг ийнхүү зохион байгуулж байна.

Соёлын яамнаас соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарыг тодорхойлж батлуулсан байдаг. Үүнд “соёлын өв”, “утга зохиол, ном хэвлэл”, “дүрслэх урлаг”, “дуу, хөгжим” “тайзны урлаг”, “кино, дуу дүрсний урлаг”, “хэвлэл мэдээлэл”, “хувцас загвар”, “архитектур”, “дизайн”, “дижитал инноваци, контент”, “маркетинг, брэндинг, коммуникаци” гэх салбаруудыг тодорхойлжээ. Өнөөдрийн байдлаар эдгээр 12 салбарын 92 чиглэлд нийт 5665 аан байгууллага идэвхтэй үйл ажиллагаа явуулж 33 мянга гаруй хүн хөдөлмөр эрхэлж байна.