Эрүүл мэндийн салбарын ажилтнуудад ипотекийн зээлийг түлхүү олгоно
Жил бүрийн 5-р сарын 12-ны өдөр тохиодог олон улсын сувилагчдын өдрийг манай улс 1995 оноос хойш тэмдэглэж иржээ. Өнөөдөр “Сувилагч танаараа бахархъя” арга хэмжээ  монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор 3 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд нийслэл орон нутгийн төлөөлөл нийт 2500 хүн оролцож, сувилагчид, эрүүл мэндийн ажилтнуудын өнөөгийн тулгамдсан асуудлуудаа болоод хэтийн төлөвөө хэлэлцжээ.

2023 оны байдлаар Эрүүл мэндийн салбарт нийт 66 мянга гаруй эрүүл мэндийн ажилтан ажиллаж байгаагаас 14 мянга гаруй нь сувилагч байна. Шинээр төгсөж буй сувилагчид цалин хөлс, нийгмийн баталгаа, ажлын ачаалал зэрэг нөлөөлөх олон хүчин зүйлүүдээс  шалтгаалж ажлаасаа гарах, өөр мэргэжил рүү хөрвөх, гадны улсыг зорих зэрэг асуудлууд үүсдэг. Эдгээрээс  үүдэн тухайн мэргэжил дээр хүний нөөцийн хомсдолд үүсэж байгаа юм. Эмнэлгийн салбарын ачаалал их  учраас сувилагчид 8-аас 16 гэсэн цагийн хуваариар ажилладаг,  мөн хүний нөөцөө нөхөж ажиллах зорилгоор зарим өдрүүдэд бүтэн цагаар ажиллах тохиолдол ч  гардаг гэдгийг тэдний төлөөлөл хэлж байгаа юм. Судалгаагаар жилд 1000 сувилагч ажлаасаа гарч 400 гаруй хүн шинээр ажилд орж байгаа гэсэн статистик мэдээлэл гарчээ.

Олон улсад эмч сувилагчийн харьцаа 1х3 байдаг бол манай улсад 1х1 байна. Үүнийг зөв харьцаанд оруулж сувилагчийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд сувилагчдад чиглэсэн цогц арга хэмжээнүүдийг хэрэгжүүлдэг ч хүний нөөцийн дутагдал байсаар байна. Үүнийг шийдэхийн тулд санхүүжилтийн тогтолцоог өөрчлөх, сувилагчдын нийгмийн, болон хөдөлмөрийн үнэлэмжийн асуудлыг шийдэж байж сувилагчийн дутагдал арилна гэдгийг албаныхан хэлж байсан юм.  

Тэгвэл цаашид Эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн асуудлыг сайжруулах үүднээс тэдэнд ипотекийн зээлийг түлхүү олгохоор төлөвлөж байгаа юм байна. ЭМ-ийн ажилтнуудын 42 хувь нь түрээсийн байранд амьдарч, дунджаар 700-1.5 сая төгрөгийн цалин авдаг байна. Сувилагчдын нийгмийн асуудал орхигдсон гэдгийг салбарын төлөөллүүд хэлж байгаа юм. Тэдгээрийн цалин бага, зээлээс зээлийн хооронд байдгаас шалтгаалан орон сууцын зээлд хамрагдаж чаддаггүй байна. Тиймээс сувилагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх сайжруулах үүднээс ипотекийн зээлд хамрагдах боломжийг олгож байгаа юм байна.

Цар тахлын үеэс эхлээд өнөөг хүртэл манай улсад  төдийгүй дэлхий дахинд сувилагчийн ажил мэргэжил дээр хүний нөөцийн хомсдолд ороод байгаа. Эрүүл мэндийн салбарт 14000 орчим сувилагч ажилладаг гэсэн судалгаа бий. Гэвч улсын хэмжээнд нийт 20000 орчим сувилагч ажиллах шаардлага байгаа юм. Тиймээс эрүүл мэндийн салбарт ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хүний нөөцийг нэмэгдүүлэх гэх мэт шат дараалсан арга хэмжээг нэн тэргүүнд авах шаардлагатай  байгааг салбарын төлөөллүүд хэлж байсан юм.