Даваа гарагт Казахстаны эдийн засгийн сайд асан Бишимбаев эхнэрийнхээ амийг бүрэлгэсэн хэргээр 24 жилийн хорих ял сонслоо

Өнгөрсөн Даваа гарагт Казахстаны эдийн засгийн сайд асан Бишимбаев эхнэрийнхээ амийг бүрэлгэсэн хэргээр 24 жилийн хорих ял сонслоо. Казахстаны Тангарагтны шүүх өдгөө 44 настай Куандык Бишимбаевыг эхнэрээ тамлан зовоож, онц хэрцгийгээр амийг нь хөнөөсөн хэрэгт буруутай гэж үзжээ.

Уг хэргийн шүүх хурал өнгөрсөн 3-р сарын 27-оос эхэлсэн бөгөөд энэ нь Казахстан улсад анх удаа гэр бүлийн хүчирхийллийн хэргийн шүүх хурлыг шууд дамжуулсан явдал болжээ. Энэхүү шүүх хурал элит гэр бүлээс гаралтай гэх албан тушаалтан хуулиас дээгүүр байх боломжтой эсэхийг сорьсон явдал болсныг олон нийт хэлж байна.

Шүүх хурлын үеэр олон нийтэд дэлгэн харуулсан дүрс бичлэгт эдийн засгийн сайд асан Бишимбаев нь өөрийн эхнэр 31 настай Салтанат Нукеноваг удаа дараа цохиж, өшиглөж, үснээс нь чирж, камергүй өрөөнд авч орж байгааг харуулсан байна. Түүнчлэн яллагдагчийн гар утаснаас хэрэг гарах үеийн дүрс бичлэг, хүчирхийлэл үйлдэж байгааг нотлох гэрэл зураг цөөнгүй олдсон байна. Шүүх хурлын үеэр Бишимбаев эхнэрээ зодсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч онц хэрцгийгээр хөнөөсөн бурууг хүлээн зөвшөөрөхгүй байжээ. Хэдийгээр тэрээр 24 жилийн ял сонссон ч ялын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзвэл дахин давж заалдах эрхтэй юм.

Тэгвэл Бишимбаевын ялын тогтоол гарсан Даваа гарагт Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хууль эрх зүйн орчныг сайжруулах, шударга нийгмийг цогцлоох хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлжээ. Энэ хэрэг дэлхий дахинд хүрч, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудлыг ил гаргаж ирсэн бөгөөд хохирогч Нукеновагийн төрсөн өдөр  буюу 4-р сарын 11-нд Казахстаны хууль тогтоогчид гэр бүлийн хүчирхийллийг эрүүгийн гэмт хэрэгт тооцох хуулийн төслийг санал нэгтэйгээр баталсан юм. Өмнө нь Казахстан улсад гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийг иргэний хэрэгт тооцдог байсан нь эмэгтэйчүүд хүчирхийллийн золиос болох нөхцөл болдог байжээ. Казахстанд зургаан эмэгтэй тутмын нэг нь жендерт суурилсан хүчирхийлэлд өртөг талаар судалгаа байдаг ажээ.