Өнгөрсөн оны 10-р сард мөргөлдөөн эхэлснээс хойших хамгийн ширүүн тулаан газын зурвасын хойд болон өмнөд хэсэгт өрнөж байна. Газын зурвас дахь египет улстай хиллэдэг Рафа хотод Израилын зэвсэгт хүчин ажиллагаа явуулж, тусламжийн гол гарц замыг хаагаад байна. Ингэснээрээ нөхцөл байдлыг улам дордуулж, 1.5 сая оршин суугчийн аюулгүй байдлын асуудал бүрхэг хэвээр байна.
Даваа гарагт Израилын зэвсэгт хүчний хуурай замын ажиллагааны уршгаар Газын зурвасын Рафа хотоос хэдэн зуун мянган хүн дахин аюулгүй газар эрж хайн дүрвэж эхэллээ. Өнгөрсөн 10-р сарын 7-ны өдөр мөргөлдөөн эхэлсний дараа Израилын Засгийн газар газын зурвасын оршин суугчдыг хойд хэсгээс нүүлгэн шилжүүлэх тушаал өгсний дараа бүс нутгийн хүн амын талаас дээш хувь нь өмнөд рүү буюу Рафа хот руу дүрвэсэн юм.
Одоогоос 75 жилийн өмнө Газын зурвасын хойд бүс нутгийн Жабалиа хотод Палестинчуудад зориулан барьсан дэлхийн хамгийн том дүрвэгсдийн хуаран Израилын агаарын цохилтын уршгаар устаж үгүй болсон юм. Харин одоо тэндээс дүрвэж Рафа хотод толгой хоргодож байсан оршин суугчид аюулгүй газар үлдээгүй тул хаашаа явахаа мэдэхгүй байгаагаа хэвлэлд ярьсан байна.
Палестины эрүүл мэндийн байгууллагаас мөргөлдөөн эхэлснээс хойш амь үрэгдэгсдийн тоо 35 мянгад хүрсэн төдийгүй өнгөрсөн Даваа гарагт баталгаажсанаар 57 хүн нар барсан байна.
Израилын Засгийн газар Өрнөдийн холбоотнуудынхаа сануулга, анхааруулгыг үл харгалзан Хамас зэвсэгт байгууллагыг бүрэн устгаж, барьцааны иргэдээ суллах хүртлээ агаарын болон хуурай замын давшилтаа үргэлжлүүлэхээ мэдэгдээд байна.
Даваа гарагт Израилын ерөнхий сайд Б.Нетаньяху мөргөлдөөнд амь үрэгдсэн иргэдийнхээ дурсгалыг хүндэтгэх ёслолд оролцох үеэрээ "Хамас"-ын эсрэг дайн бол Израилын "Оршин тогтнол, эрх чөлөө, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг" хамгаалахын төлөөх тэмцэл хэмээн мэдэгдсэн байна. Тэрээр тусгаар тогтнолын төлөөх дайн хараахан дуусаагүй байгааг бас хэлсэн байна. Одоогийн байдлаар Израилын хуурай замын анги нэгтгэл пуужингийн довтолгоогоор хамгаалуулан газын зурвасын өмнөд болон хойд хэсэгт зэрэг давшиж байгаа талаар Ройтерс агентлаг мэдээллээ.