Зээлийн ангилал буурсан иргэн, ААН-үүд 6-р сарын 1-ээс өмнө зээлээ төлсөн тохиолдолд хэвийн ангилалд шилжүүлнэ

Зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй бүх зээлдэгчийн ангиллыг хэвийн горимд шилжүүлэх шийдвэрийг өнгөрсөн 4-р сард Монголбанкнаас гаргасан. Ингэснээр зээлээ төлсөн ч хугацаа хэтрүүлсний улмаас анхаарал хандуулах зэрэглэлд, эсвэл хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлийн ангилалд орсон иргэн, ААН-ийн мэдээллийг “Хар жагсаалт”-аас хасахаар болсон.

  • Монголбанкны зээлийн мэдээллийн санд арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, үүрэн холбооны оператор зэрэг нийт 600 орчим аан, байгууллага мэдээлэл нийлүүлж, мэдээлэл хүлээн авах эрхтэй юм байна.
  • Эдгээр аан, байгууллагаас ирүүлсэн зээлдэгчийн мэдээллийг үндэслэн 4-р сарын 1-ний байдлаар зээлээ төлсөн ч анхаарал хандуулах, эргэлзээтэй, хэвийн бус, муу ангилалд орсон зээлдэгчдийг буюу 127.761 иргэн, ААН-г хэвийн ангилалд шилжүүлсэн байна.
  • Тэдгээрийн 55.943 нь Улаанбаатар хотын харьяалалтай иргэн, ААН байгаа бол 71.711 нь орон нутгийн харьяалалтай зээлдэгчид байна.
  • Өнөөдрийг хүртэл зээлээ төлж чадаагүй, муу ангилалд орсон иргэн, ААН ирэх 6-р сарын 1-ээс өмнө зээлээ төлж барагдуулбал Монголбанкны энэхүү шийдвэрт хамаарч, зээлийн ангиллаа өөрчлүүлэх боломжтой юм байна.

Манай улсад орчин цагийн банкны салбар үүсэж, бэхэжсэний 100 жилийн ой энэ 6-р сард тохиож байна. Ойг тохиолдуулан иргэдэд санхүүгийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх, нөгөөтээгүүр “Ковид-19” цар тахал, зудын гамшиг зэргээс шалтгаалан нийгэм эдийн засагт үүссэн урт хугацааны сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Монголбанкнаас зээлийн мэдээллийн сан дахь түүхийг шинэчлэх шийдвэр гаргасан. Учир нь "Ковид 19"-ийн цар тахал бусад нөлөөлөх хүчин зүйлээс үүдэж иргэн, аан-үүд эдийн засгийн хямралд өртөж, цаашлаад зээлээ төлж чадахгүйн улмаас монголбанкны зээлийн мэдээллийн санд зээлдэгчийн ангилал буурах үндэслэл болоод байсан юм. Тиймээс өнгөрсөн хугацаанд эдгээр иргэн болоод ААН-үүдээс зээлийн ангилалтай холбоотой хүсэлтүүд удаа дараа ирж байжээ.

Энэхүү шийдвэрийн дагуу нийт 127.761 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийг хэвийн ангилалд шилжүүлсэн байна. Харин зээлийн мэдээллийн санд ангилал буурсан, өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй зээлдэгч нар 6-р сарын 1-ний өдөрт багтаан зээлийн үлдэгдлээ төлж барагдуулсан тохиолдолд монголбанкны тус шийдвэрт хамрагдах боломжтой юм байна. Хэрэв иргэн болоод ААН өөрийн зээлийн түүхийг хэвийн гэдэгт эргэлзэж байгаа бол харилцагч банк, байгууллагынхаа төв дээр бичиг баримттайгаа очиж зээлийн мэдээллээ тодруулах эсвэл И-Монголиа цахим платформаас зээлийн мэдээллээ татан авснаар шалгах боломжтой байна.

Хуулийн дагуу зээлдэгч зээл төлөх хугацаагаа 90 хүртэл хоногоор хэтрүүлсэн бол - анхаарал хандуулах буюу хугацаа хэтэрсэн, 91-180 хоног бол– хэвийн бус, 181-360 хоног – эргэлзээтэй, 361-с дээш хоног – муу зээлдэгчийн ангилалд оруулдаг. Тиймээс лизинг, гар утасны төлбөрөө цаг тухайд нь төлөлгүй хоцроосон л бол шууд зээлийн ангилал буурах эрсдэлтэй юм.