Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн ихэнх хувийг манай оронд ургадаг мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлын төрлийн бодистой холбоотой гэмт хэрэг эзэлж байсан бол 2011 оноос химийн аргаар боловсруулсан буюу мансууруулах, сэтгэцэд нөлөөт синтетик бодис,мансуурах боломжтой эмийн хэрэглээ жил бүр өссөн үзүүлэлттэй байна. Улмаар энэ нь хүний эрүүл мэнд болон улс орны үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засаг, соёлын үндэс, тогтвортой байдалд ноцтой аюул занал учруулж, үр дагавар нь тооцоолохын аргагүй нөхцөл байдалд хүргэж болзошгүйг мэргэжилтнүүд сануулж байна. Учир нь сүүлийн жилүүдэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх иргэдийн нас залуужиж, түүнээс шалтгаалсан сөрөг үр дагаврууд нэмэгджээ.
Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвд сүүлийн жилүүдэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэхээс татгалзан сайн дураар эмчлүүлэх хүсэлтэй иргэдийн тоо нэмэгджээ. Гэвч эрүүл мэндийн байгууллагад энэ төрлийн үйлчилгээг үзүүлэх материаллаг бааз, хүний нөөцийн дутагдал зэрэг шийдвэрлэх шаардлагатай цөөнгүй асуудлууд байна.
Иймд холбогдох хуулийн төсөлд өөрчлөлт оруулж шинэчлэн найруулсан байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль 2002 онд батлагдсан учир хуулийн үйлчлэл цаг үеэсээ хоцорсны дээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбогдсон бүх төрлийн үйлдэлд хяналт тавьж, хариуцлага тооцож чадахгүйд хүрсэн байна. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг ялгамжтай тогтоож, ял шийтгэлийн бодлогыг чангаруулахаар хуулийн зүйл заалтад тусгажээ.
Шинэчилсэн найруулгын хуулийн төсөл нь нийт 12 бүлэгтэй. Хуулийн төсөл батлагдсанаар мансуурах донтой хүнд стандартад нийцсэн эрүүл мэнд, нийгэм хамгааллын тусламж, үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэнэ гэж хууль боловсруулагчид үзэж байна.