Нийслэлийн 129-р сургууль, 214-р цэцэрлэг орчимд 214 метр үргэлжлэх шороон замыг засварлаагүйгээс үүдэж 600 гаруй хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох эрх зөрчигдөж байна. Тухайн байршилд өвөлдөө халтиргаа гулгаа ихтэй байдаг тул авто машин халтирч гулгаа үүсэх, улмаар машинууд мөргөлдөх тохиолдол ихээр гардаг түүгээр ч зогсохгүй айлын хашаа дайрах асуудлууд ч гардаг байна. Мөн сургууль цэцэрлэгээс 100 метр хүрэхгүй газар машин зам байгаа нь сурагчид зам тээврийн осолд өртөж болзошгүй нөхцөл байдалд байдаг талаар иргэдийн зүгээс хэлж байсан юм.
Сургууль цэцэрлэгийн удирдлагууд болон иргэдийн зүгээс хороо, дүүрэг нийслэлд тухайн замыг засварлуулах хүсэлтийг удаа дараа тавьдаг ч замын засвар хийгдэлгүй 3 жилийн нүүрийг үзжээ. 2019 онд 129-р сургууль ашиглалтад орсны дараагаар тухайн зам тавигдаж дээрх 200 гаруй метр зам шороогоор үлдэж засмал зам тавигдах боломжгүй гэж үзэж байсан бол 2022 онд 350 сая төгрөгийн төсвийг төсөвлөж түүнээс зам засварлана гэж байсан хэдий ч одоог хүртэл хэрэгжээгүй байна.
Тэгвэл тухайн хорооны зүгээс тус замын шороог хусах ажлыг 7 хоног тутамд хийдэг ч автомашины хөдөлгөөн тасардаггүйн улмаас дахин эвдэрч энхэл донхолтой болдог гэдгийг хэлж байлаа. Холбогдох газруудаас тайлбар хүсэх үед төсөв мөнгөний асуудал болоод тухайн зам огцом өгсүүр учир зам тавих боломжгүй гэж үзжээ. Тодруулбал стандартад 100 метр дотор 19 см-ээс өндөр хэсэгт асфалтан зам тавьдаг байна. Тэгвэл тухайн хэсэг нь 28 см огцом өндөр тул зам тавих боломжгүй гэж үзжээ
Тэгвэл уг асуудлыг шийдвэрлэхдээ 3 айлын газрыг чөлөөлж автомашины зогсоолтой болгох мөн сургууль орчмын ойролцоо аюулгүй гарц шийдвэрлэсний дараагаар асфалтан эсвэл чулуун замыг хийнэ гэдгийг холбогдох газраас мэдээлсэн байна.