Өнгөрсөн долоо хоногт АНУ болон Австрали улсын гурван иргэн Мексик улсын далайн эргийн Баха Калифорниа мужид аялах үерээ сураггүй алга болсон бөгөөд дээрх гурван улсын хууль сахиулагчид эрэн хайх ажиллагааг хамтран явуулж байгаа талаар мэдээлж байсан юм. Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр дээрх гурван аялагчийн цогцос Мексикийн Санто-Томас хотоос олдлоо гэж АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос мэдэгдсэн байна.
АНУ-ын Холбооны мөрдөх товчоо болон Австрал улсын Засгийн газраас Мексик улсад амиа алдсан байж болзошгүй хүмүүсийн ар гэрийнхэнийг оролцуулан өнөөдөр буюу Даваа гарагт цогцос таниулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар мэдээлсэн байна.
Мексикийн эрх баригчид сураггүй болсон аялагчдын хэрэгтэй холбогдуулан гурван хүнийг баривчлан, байцааж байгааг мэдээлсэн ч тэднийг сэжингтэн үү эсвэл гэрч үү гэдэг дээр тайлбар өгөхөөс татгалзсан байна.
Хамтарсан мөрдөн байцаагчдын баг сураггүй алга болсон гэж бүртгэгдсэн гурван хүний хамгийн сүүлд уулзсан байршил, тэр газраас олдсон нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж байгаа гэж холбооны мөрдөх товооноос мэдэгджээ.
Мексикийн эрх баригчид Баха Калифорниа мужид хар тамхины картел, бүлэглэлүүд үйл ажиллагаа явуулдаг гэдгийг хүлээн зөвшөөрч, гэмт хэрэгтнүүдийг олохын тулд АНУ болон Австралийн хууль сахиулагчидтай хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.
Жейк Робинсон, Каллум Робинсон, Жек Картер Роад гэх гурван залуу Мексикийн Энсенада хотын ойролцоох далайн эрэг дагуу серфинг хийж, майханд отоглон аялж байсан гэж ар гэрийнхэн нь хэвлэлд ярьсан байна. Харин өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаргаас эхлэн тэдэнтэй холбоо тасарсан тул гэр бүлийнхэн нь Мексикийн засгийн газарт хүсэлт гарган мэдэгдэл илгээсэн байна.
Үүнээс гадна Мексикийн хууль сахиулагчид хэргийн газраас 4 дэх хүний цогцос олдсон гэж мэдээлсэн бөгөөд эрэн сурвалжлагдаж байсан хүмүүстэй ямар харилцаа холбоотой болохыг тогтоохоор ажиллаж байгаа юм байна. АНУ, Австрали болон Мексикийн Гадаад хэргийн яамнаас хэргийн шалтгааны талаар мэдээлэхээс татгалзаж байгаа бол тайлагдаагүй олон нууц хэргийн ард байгаа гэж зарим нэрээ нууцалсан албаныхан хэвлэлд ярьжээ.
2006 онд Мексикийн Засгийн газар хар тамхины картелууд, бүлэглэлүүдийн эсрэг дайн зарласнаас хойш 450 мянган хүн тэдгээр бүлэглэлүүдийн гарт амиа алдаж, 100 мянга гаруй хүн сураггүй алга болсон гэж бүртгэгджээ.