Өнгөрсөн Даваа гарагт “Хамас” зэвсэгт байгууллагын удирдагч Исмаил Хание энхийн хэлэлцээнд зуучлагч Египет, Катар хоёр улсын эрх баригчдын боловсруулсан ойрх дорнодын бүс нутагт гал зогсоох, барьцааны хүмүүсийг суллах тухай эвлэрлийн гэрээг хүлээн авснаа мэдэгдлээ. Гэвч Израил улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху уг гэрээний нөхцөл тэдний шаардлагад нийцэхгүй байгаа төдийгүй талуудын таалалд нийцсэн хэлэлцээр байгуулах хүртэл байлдааны ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгджээ.
Израил улсын Засгийн газар гал зогсоох болон барьцааны хүмүүсийг солилцох тааламжтай гэрээ байгуулах хүртэл яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх саналтай байна. Мөн тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху албан ёсны нэгдсэн шийдвэрт хүрэх хүртэл Газын зурваст байлдааны ажиллагаа явуулсаар байх, тэр дундаа Рафа хотод агаарын цохилт өгсөөр байхыг анхаарууллаа.
Өнгөрсөн Даваа гарагт Израилын арми 1.5 сая хүн ам толгой хорогдож байгаа Рафа хотод 10 удаагийн пуужингийн цохилт өгснийг хэвлэлүүд мэдээлж байна. Израилын эрх баригчид Рафа хотоос энгийн номхон иргэдийг нүүлгэн шилжүүлэхийн тулд сурталчилгааны хуудас, олон нийтийн цахим сүлжээ ашиглан суртал ухуулга явуулж эхлээд байна.
Тэгвэл НҮБ-ын ЕНБД Антониу Гутерреш Рафа хотоос Палестинчуудыг нүүлгэн шилжүүлэх нь "Хүнлэг бус" үйлдэл гэж мэдэгджээ. Учир нь бүс нутгийн хэмжээнд ийм олон тооны дүрвэгсдийг багтаах дэд бүтэц байхгүй гэдгийг тэрээр онцолсонн байна. Тус байгууллагын төрөлжсөн агентлагууд Рафа хотод хүмүүнлэгийн тусламж хүргэх гэж оролдсоор байгаа ч Израилын агаарын довтолгоо хүмүүнлэгийн ажилтнуудын аюулгүй байдалд аюул занал учруулж байгаа ажээ.
Израилын арми хүмүүнлэгийн тусламж хүргэхэд чухал ач холбогдолтой хоёр гарцыг хаасан байна. Өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израилын Ерөнхий сайд Б.Нетаньяхутай утсаар ярих үеэрээ Керем Шалом хэмээх гарамыг дахин нээх асуудлыг ярилцаж, шийдэлд хүрснээ мэдэгдсэн байна.