Мягмар гарагт В.Путин тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөлөө. Ингэснээр түүний дараагийн зургаан жилийн бүрэн эрхийн хугацаа албан ёсоор эхэлж байгаа юм. Ёслолын арга хэмжээний үеэр Кремлийн тэргүүн В.Путин Оросын ард түмний эрх ашиг, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавихаа онцолсон байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украин дахь цэргийн тусгай ажиллагаанд нь оролцож байгаа армийн алба хаагчдадаа талархал илэрхийлсэн байна. Гэхдээ ОХУ-ын зэвсэгт хүчний цэргийн тусгай ажиллагаа гэж тодорхойлсон эзлэн түрэмгийллийн улмаас Орос-Өрнөдийн хоорондох хагарал гүнзгийрч, харилцаа нь түүхэн доод түвшиндээ хүрээд байгаа юм. Харин В.Путин тангараг өргөх ёслолын арга хэмжээний үеэр үндэсний аюулгүй байдал, тогтвортой байдал нь түүний нэн тэргүүний зорилт байх болно гэдгийг онцолсон байна. Мөн тэрбээр аюулгүй байдал, стратегийн тогтвортой байдлын асуудлаар барууны орнуудтай яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Гэхдээ талууд эрх тэгш байж, бие биенийхээ ашиг сонирхлыг хүндэтгэх ёстойг тэрээр хэлсэн байна.
Түүнчлэн В.Путин Өрнөдийн улс орнууд ОХУ-ын хөгжлийг хязгаарлар оролдлогоо үргэлжлүүлэх эсвэл Москвад түрэмгийлэл, шахалт үзүүлэх бодлогоо үргэлжлүүлэх үү, үгүй бол дундын асуудлаа хамтын ажиллагаа энх тайвны замаар шийдвэрлэх үү гэдгийг лавлан асуусан байна. Тэрбээр "Бид эв нэгдэлтэй, агуу ард түмэн, хамтдаа бүх саад бэрхшээлийг даван туулж, бүх төлөвлөгөөгөө биелүүлж, хамтдаа ялна" хэмээн мэдэгдсэн байна.
Өдгөө 71 насыг зооглож байгаа В.Путин 2000 оноос хойш 20 гаруй жилийн турш ОХУ-ыг удирдаж байгаа төдийгүй дунд 4 жилийн хугацаанд Ерөнхий сайдыг албыг хашиж байсан юм. Кремлийн ордонд болсон тангараг өргөх ёслолын үеэр В.Путин үндсэн хуулийн эх бичвэр дээр гараа тавин тангараг өргөсөн бөгөөд ОХУ-ын Засгийн газрын албан тушаалтнууд болон Төв азийн улс орнуудын цөөн тооны дипломат төлөөлөгчид оролцсон байна.