Өнгөрсөн даваа гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тактикийн цөмийн зэвсгийн бэлтгэл сургуулилалт явуулахыг зэвсэгт хүчиндээ үүрэгдсэн юм. Тэгвэл өчигдөр буюу Лхагва гарагт Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко тус улсад байрлаж буй ОХУ-ын стратегийн бус цөмийн зэвсгийн бэлэн байдлыг шалгахыг мөн Батлан хамгаалах яамдаа үүрэг болгожээ.
Орос, Беларусь хоёр улсын удирдагч цөмийн зэвсэгтэй холбоотой ижил төрлийн үйл ажиллагаанд бэлтгэж эхэлсэн нь АНУ болон түүний Өрнөдийн холбоотнуудад дарамт шахал үзүүлэх зорилготой гэж шинжээчид үзэж байна. Өнгөрсөн Даваа гарагт В.Путины тушаалын дагуу ОХУ-ын Батлан хамгаалах яам зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээ тактикийн цөмийн зэвсгийн сургуулилалтад бэлтгэж эхлээд байгаа юм. Харин өнгөрсөн Лхагва гарагт ОХУ-ын тактикийн цөмийн зэвсгийг эх орондоо байршуулах зөвшөөрлийг олгосон Беларусийн Ерөнхийлөгч удирдагч Александр Лукашенко үй олноор хөнөөх зэвсгийн бэлэн байдлыг шалгах тушаалыг Батлан хамгаалах яамдаа өгсөн байна. Өнгөрсөн 3-р сард В.Путин стратегийн бус цөмийн зэвсгээ Беларусь улсад байрлуулах болсноо мэдэгдэж байсан юм. Тухайн үед тэрбээр “Өнгөрсөн хугацаанд АНУ-ын үе үеийн Засгийн газар тактикийн цөмийн зэвсгээ холбоотнуудынхаа нутаг дэвсгэрт байрлуулсаар өдийг хүрсэн” хэмээх тайлбарыг өгч байсан юм. Нэрээ нууцалсан Беларусийн үндэсний аюулгүй байдлын албаны удирдах албан тушаалтан хоёр улсын зэвсэгт хүчин нэгдсэн зохион байгуулалт дор нэг төрлийн бэлтгэл сургуулилалтыг хоёр өөр бүс нутагт явуулна гэдгийг хэвлэлд ярьсан байна. Тэгвэл Беларусийн зэвсэгт хүчний тактикийн цөмийн зэвсгийн шалгалтад Искандер пуужингийн дивиз, СУ-25 онгоцны Эскадриль оролцоно гэдгийг Ройтерс агентлаг мэдээллээ. Үүнээс гадна Александр Лукашенко ирэх Пүрэв гарагт Москва хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж, цөмийн зэвсгийн ашиглалттай холбоотой цаашдын төлөвлөгөөний талаар хэлэлцэхээр төлөвлөснийг Беларусийн төрийн мэдлийн Бета агентлаг мэдээлжээ.