Хятадын “Bytedance” компани АНУ-ын Засгийн газрын эсрэг холбооны шүүхэд нэхэмжлэл гаргажээ

Өнгөрсөн сард АНУ-ын хууль тогтоогчид дүрс бичлэг хуваалцдаг Тикток платформын толгой компанийг тус улс дахь бизнесээ худалдах эс бөгөөс үйл ажиллагааг нь хориглох тухай хууль баталсан юм. Тэгвэл өнгөрсөн Лхагва гарагт Bytedance буюу Тикток цахим сүлжээний хэрэгслийг эзэмшдэг компанийн удирдлагууд Вашигтон дахь холбооны шүүхэд АНУ-ын Засгийн газрын эсрэг нэхэмжлэл гаргаж, уг хуулийг хүчингүй болгож өгөхийг хүссэн байна.

Шүүхийн нэхэмжлэлд АНУ-ын эрх баригчид өөрийн үндсэн хууль болон үг хэлэх эрх чөлөөний баталгааг зөрчиж байгааг дурдсан байна. Мөн хуулийн дагуу АНУ дахь бизнесээ албан хүчээр зарж борлуулах нь арилжааны, технологийн болон хууль эрх зүйн хувьд боломжгүй гэж мэдэгджээ.

Өнгөрсөн 4-р сард АНУ-ын төлөөлөгчдийн болон Сенатын танхимын хууль тогтоогчид дуу нэгтэйгээр дээрх хуулийн төслийг баталж, хэрэв Bytedance компани тогтоосон хугацаанд бизнэсээ зарж борлуулахгүй бол тикток платформын хэрэглээг үндэстний хэмжээнд хориглохоо онцолж байжээ. Мөн дараагаар нь АНУ-ын Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хууль албан ёсоор хэрэгжиж эхэлсэн байна.

АНУ-ын Засгийн газар болон хууль тогтоогчид Bytedance компанийн эзэмшдэг Тикток платформ нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж тайлбарласаар байгаа юм. Үүн дотор Хятад улсын Засгийн газар энэ нийгмийн сүлжээгээр дамжуулан АНУ-ын төрийн өндөр дээд албан тушаалтнуудын мэдээллийг цуглуулж байна гэж буруутгажээ. Мөн Хятадын Засгийн газар Тиктoк-ийг суртал ухуулгын зорилгоор ашиглаж байгаа явдалд санаа зовниж байгаа гэдгээ илэрхийлсээр байгаа юм.