Украины парламент армийнхаа хүн хүчний нөөцийг бүрдүүлэх, хугацаат цэргийн алба хаагчдаа үргээс нь чөлөөлөх, байлдааны талбарт давуу талыг олж авахын тулд хоригдлуудыг зэвсэгт хүчинд элсүүлэх боломжийг олгох хуулийн төслийг баталсан байна. Өнгөрсөн Пүрэв гарагт Украины хууль тогтоогчид тус шийдвэрээ танилцууллаа.
Өнгөрсөн хугацаанд Украины эрх баригчид ийм арга хэмжээг эсэргүүцсээр өдийг хүрсэн ч хүн хүчний хомсдлын улмаас байлдааны талбарт ялагдал хүлээх эрсдэлтэй байгаа тул аргагүйн эрхэнд бодлогын өөрчлөлт хийхээр болжээ. Мөн Украины Ерөнхийлөгч В.Зеленський хоригдлуудыг армидаа элсүүлж байгаа ОХУ-ын Батлан хамгаалах яамны шийдвэрийг удаан хугацаанд шүүмжилж байсан юм.
Одоо хоригдлуудыг цэрэг армид элсүүлэх хууль хүчин төгөлдөр мөрдөгдөхийн тулд Украины Ерөнхийлөгч болон парламентын дарга нар гарын үсэг зурж баталгаажуулах ёстой байна. Хуулийн төсөл нь эх орноо хамгаалах хүсэлтэй хоригдлуудыг армид элсэх боломжийг нээж өгсөн гэдгийг Украины хууль тогтоогчид мэдэгдсэн байна. Мөн дайчилгаа нь сайн дурын үндсэн дээр явагдах бөгөөд зөвхөн тодорхой ангиллын хоригдлуудыг зэвсэгт хүчинд элсүүлэх юм байна. Тухайлбал бэлгийн хүчирхийлэл үйлдсэн ялтнууд, хоёр болон түүнээс дээш хүний амийг хөнөөсөн онц хэрцгий гэмт хэрэгтнүүд, их хэмжээний мөнгөн дүн бүхий авлигын хэрэгт буруутгагдсан хоригдлуудыг дайчилгаанд хамруулахгүй гэдгийг хууль санаачлагчид мэдэгдсэн байна. Зөвхөн гурав хүртэл жилийн хорих ялаар шийтгэгдсэн хоригдлууд, эсвэл ялын хугацаа нь гурав хүртэл жил үлдсэн хоригдлууд өргөдөл гаргаснаар дайчилгаанд хамрагдах юм байна. Дайчлагдсан хоригдлууд байлдааны ажиллагаанд оролцсоны дараа тэнсэнгээр суллагдана гэдгийг эх сурвалжууд хэлсэн байна.