“Соёлын сэргэлт-2024” аяны хүрээнд соёлын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

Өнөөдөр "Соёлын сэргэлт-2024" аяны хүрээнд Соёлын яамнаас соёлын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгууллаа. 21 аймгийн соёл, урлагийн газар болон соёлын яамны харьяа байгууллагуудын удирдлагууд оролцсон зөвлөгөөний үеэр нийслэл болон орон нутгийн хэмжээнд соёлын салбарт сүүлийн 3 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлууд, ололт амжилт, цаашдын төлөвлөгөөний талаар хэлэлцсэн байна.

Манай улс 2020 онд Соёлын яамтай болж нийслэл, 21 аймагт нийт 22 соёлын урлагийн газар байгуулан үндэсний дархлаа болсон соёл урлаг, зан заншил, өв уламжлалаа хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, соёл урлагаар дамжуулан ард иргэдээ соён гэгээрүүлж ажиллаж байна. Соёлын яамтай болсноор соёлын салбарт 2020-2024 оны хооронд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт ч нэмэгдсэн юм. Нийслэл болон орон нутагт 3 жилийн хугацаанд 156.8 мянган метр квадрат бүхий 88 барилга байгууламж шинээр ашиглалтад оруулжээ. Томоохон бүтээн байгуулалтаас дурдвал 2022 онд Чингис хаан музейг ашиглалтад оруулсан бол, өнгөрсөн долоо хоногт Хүүхэд залуучуудын театрыг ашиглалтад оруулж, Драмын театрын их засварын ажлыг дуусгасан юм. Ингэснээр орон нутагт 370 мянга гаруй хүн, нийслэлд 1.7 сая гаруй хүн соёлын төв болон музейгээр үйлчлүүлэх боломжтой болсон юм. Мөн энэ сард багтаан Үндэсний номын сангийн барилгыг хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй байгаа юм. Энэ мэтчилэн соёлын салбарын бүтээн байгуулалт амжилттайгаар үргэлжилж байна.

Өнөөдөр “Соёлын сэргэлт-2024” аяны хүрээнд соёлын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулж сүүлийн 3 жилийн хугацаанд орон нутгийн болон нийслэлийн соёл урлагийн газар, Соёлын яам хийж гүйцэтгэсэн ажлуудын талаар танилцуулсан юм. Энэ нь соёл урлагийн салбар өнгөрсөн 3 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулах, мөн цаашдаа хийж гүйцэтгэх ажлуудаа тайлагнасан үйл ажиллагаа юм.

Нийслэл болон аймгуудад соёл урлагийн төвүүд байгуулагдсан ч тус байгууллагуудад албаны автомашин байдаггүй байснаас үүдэж хувийн машинаараа хөдөө орон нутагт ажилладаг хүндрэлтэй нөхцөлд байдаг байсан бол тус зөвлөгөөний үеэр аймгуудад туулах чадвар сайтай автомашин хүлээлгэн өгсөн юм. Энэ нь маш том дэмжлэг болж байгааг соёл урлагийн төвүүдийн төлөөлөл хэлж байсан юм.