“Art week-2024” үзэсгэлэн Пассаж төв, Чингис хаан үндэсний музей, МУЭ-ийн арт галерей зэрэг 4 газарт зохион байгуулагдаж байна

Дүрслэх урлагийн “Art week-2024” үзэсгэлэн өнгөрсөн амралтын өдөр нээлтээ хийлээ. Орчин үеийн дүрслэх урлагийн бүтээлүүдийг нийтэд таниулж, гоо зүйн мэдрэмж олгохоос гадна уран бүтээлчдийг дэмжих зорилготой энэхүү үзэсгэлэн нь 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байна.  Уг үзэсгэлэн өнөө жил илүү өргөн хүрээг хамарч 4 өөр газарт нэгэн зэрэг зохион байгуулагдаж байна.

Соёлын яам, Монголын урчуудын эвлэл хамтран зохион байгуулдаг “Art week” дүрслэх урлагийн үзэсгэлэн нь орон зай, үйл хөдлөл, видео арт, зэрэг шинэ медиа, холимог дүрслэх урлагийн уран бүтээлүүдийг үзэгчдэд толилуулсаар 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Залуучууд, урлагт хайртай хэн бүхний хүсэн хүлээдэг “Art week-2024” үзэсгэлэн энэ жил хотын төв цэгт МУЭ-ийн Пассаж төв, Чингис хаан үндэсний музей, МУЭ-ийн Арт галерей болон уран бүтээлчдийн нэгдсэн урлан, хүүхдийн урлан бүтээх төв зэрэг 4 газар зохион байгуулагдаж жилээс жилд хүрээгээ тэлсээр байна.

Өнгөрсөн хугацаанд нэн орчин үеийн бүтээлүүдийг толилуулж ирсэн бөгөөд цөөнгүй үзэгчтэй болжээ. Тэр дундаа жил бүрийн үзэсгэлэнгийн бүтээлүүдийг зорьж үзэх залуусын тоо нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Тодруулбал, нээлтийн өдрөө давхардсан тоогоор 1000 гаруй хүн үзэж сонирхжээ.

Арга хэмжээнд пассаж урлагийн орон зайд 25 уран бүтээлчийн 90 бүтээлийн үзэсгэлэн, МУЭ-ийн Арт галерейд 7 уран бүтээлчийн 10 бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 5-12-ны өдрүүдэд өглөө 10-аас оройн 22 цагийн хооронд олон нийтэд нээлттэй ажиллана.