Манай улсын арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо 1 хувийн шимтгэл авдаг нь хууль бус гэж өнгөрсөн 9-р сард эцсийн байдлаар тогтоосон. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас зөрчлийг арилгуулахаар ажиллаж байгаа юм байна.
Арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авч байгааг үндэслэлгүй гэж шүүхээс үзсэн байдаг. Тиймээс энэ зөрчлийг арилгах, зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулах талаар шийдвэр гарсан юм. Тэгвэл банкууд хууль бусаар иргэдээс авсан ипотекийн зээлийн 1 хувийн шимтгэлийн мөнгийг зээл авагчдад буцааж өгөөгүй буюу нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажил удаашралтай байна гэж иргэд шүүмжилж байна.
Тэгвэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад импотекийн зээлийн 1 хувийн асуудлаар албадан гүйцэтгэх эхний захирамж өнгөрсөн 12-р сард ирсэн байна. Одоогоор тус хэрэгтэй холбоотойгоор зөрчлийг арилгуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа талаар ийнхүү мэдээлж байна.
Одоогоор ипотекийн зээлийн 1 хувь авч байгааг хууль бус гэж үзсэн учир арилжааны нэр бүхий 9 банк ипотекийн зээлийн шимтгэлээ зардалтай нь уялдуулах талаар шинээр аргалчлал боловсруулж холбогдох байгууллагад нь өгчээ. Мөн тус асуудалтай холбоотойгоор өнгөрсөн хугацаанд ипотекийн зээл авсан иргэд 1 хувийн шимтгэлээ буцаан авах уу гэдэг асуудал иргэдийн дунд үүсээд байгаа юм. Тэгвэл одоогоор шимтгэлийн мөнгийг буцаан олгох шүүхийн шийдвэр гараагүй байгаа юм байна.
Түүнчлэн шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байгаа хуулийн этгээдэд оногдуулж байгаа хуулийн хариуцлага бага байдаг тул хууль тогтоогчид үүнийг анхааралдаа авах хэрэгтэй байгаа юм байна.