Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн төсөл нь экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулахаар байна

БОАЖЯ-аас байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийг боловсруулж, иргэдээс санал авч байгаа юм байна. Гэвч тус хуулийн төсөлд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн талаарх агуулгыг дордуулсан, мөн байгалийн тэнцлийг алдагдуулахад нөлөөлөх заалтууд орсон байгааг байгаль орчин болон хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй ТББ-аас мэдээлжээ.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд зааснаар уул уурхайн үйл ажиллагаа байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгаа талаарх нарийвчилсан үнэлгээг 5 жил тутамд хийдэг. Гэтэл тус хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөөр уул уурхайн үйл ажиллагаа нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг 10 жид тутамд хийхээр болсон гэж ТББ-уудын зүгээс мэдээлж байна.

Тэгвэл БОАЖЯ-ны зүгээс уг хуулийн төсөлд уул уурхайн үйл ажиллагаа байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгаа талаарх нарийвчилсан үнэлгээг 5 жил тутамд хийдэг хэвээр байгаа гэж мэдээллээ.

Уул уурхайн салбар нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд манай улсад ихэхээн орлогыг авч ирсэн. Гэсэн ч газрын хэвлийн баялагаа ашиглачхаад эргэн нөхөн сэргээх байдал хангалтгүй байгаагаас шалтгаалж амьтан, ургамал үхэх цаашлаад тухайн бүсийн иргэдийн амьжиргаанд ч нөлөөлж байгаа юм. Үүнийг хуулийн хүрээнд зөв байдлаар засаж сайжруулах нь ихээхэн чухал. Гэтэл энэ чиглэлийн хуулийн төсөл нь байгалийн тэнцвэрийг алдагдуулж сөргөөр нөлөөлөх байдлыг улам нэмэгдүүлж байгаа гэсэн юм. Тиймээс энэ хуулийн төслийг эргүүлэн татах хэрэгтэйг байгаль орчны төрийн бус 20 гаруй байгууллагаас мэдээлж байна.

Ийнхүү байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийн талаар боажя болон бусад холбогддох газарт албан шаардлага, өргөх бичгийг тус тус хүргүүлж байна.