Өнөөдөр “Морин хуур” үндэсний анхдугаар чуулган зохион байгуулагдлаа. Өнгөрөгч 2-р сард МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ерөнхий боловсролын сургууль, дотоод, гадаадын соёлын байгууллагууд морин хуурын сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, морин хуур урлал, үйлдвэрлэлийг дэмжих, үр хойчдоо өвлүүлэн сургахыг уриалж зарлиг гаргасан. Тэгвэл дээрх зарлигийн хүрээнд монгол улсын засгийн газраас гаргасан тогтоолын хэрэгжилтийн талаар “Морин хуур” анхдугаар чуулганаар хэлэлцсэн байна.
Морин хуурыг түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо өвлүүлэн уламжлуулж, дэлхий дахинаа сурталчлан таниулах үүднээс холбогдох яамдууд хамтран ЕБС-ын боловсролын хөтөлбөрт морин хуурын сургалтыг нэвтрүүлжээ. Улмаар сурагчид үндэсний хөгжмөөрөө хичээллэх сонирхол нь нэмэгдсэн төдийгүй үеийн найзуудаа сурахыг ч уриалж байсан юм.
Морин хуурыг түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгт тулгамдаж буй асуудлууд болох мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, материаллаг баазыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг салбарын төлөөллүүд хэллээ. Мөн холбогдох яамдын хэрэгжүүлж байгаа бодлогууд оновчтой шийдэлд хүрч чадаж байгаа нь тус салбарт ахиц дэвшил гарч байгаагийн илрэл гэж үзэж байна.
Монгол улсын Засгийн газраас Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийн хүрээнд холбогдох тогтоол, шийдвэр гаргаж, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа юм. Тухайлбал Соёлын яам болон Боловсрол шинжлэх ухааны яам хамтран ЕБС-ийн боловсролын хөтөлбөрт морин хуурын сургалтыг нэвтрүүлсэн. Мөн албан бус боловсролоор дамжуулан сургалтын хөтөлбөрүүдийг эхэлжээ. Улмаар энэхүү хөтөлбөрт хамрагдсан сурагчдын төлөөлөл болох 1000 хүүхдийн нэгдсэн тоглолтыг ирэх 6-р сарын 1-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Сүүлийн 30 жилд морин хуур зөвхөн монголд төдийгүй дэлхий нийтэд танигдаж, хурдацтай хөгжиж байгааг урлаг судлаачид тэмдэглэсэн байна. Гаднын улсад морин хуур хөгжмийг таниулах олон улсын тоглолтууд хийгдэж байгаа нь хилийн чандад байгаа иргэд уг хөгжмөөр бахархах төдийгүй, сурах хүсэлтээ илэрхийлсэн байна. Иймд Соёлын яам болон Гадаад харилцааны яам хамтран гаднын улсад суугаа иргэдийг хамруулах сургалтын хөтөлбөр боловсруулахаар төлөвлөжээ