Чингэлтэй дүүрэгт шинээр баригдсан автобусны буудал нь дотроо ариун цэврийн байгууламжтай

Чингэлтэй дүүрэгт автобусны шинэ 19 буудлыг ашиглалтад оруулсан байна. Харин тэдгээрийн 2 нь битүү шийдэлтэйгээр хийгдсэн буюу дотроо ариун цэврийн байгууламж, гар утас цэнэглэгч, хяналтын камертай юм байна. Чингэлтэй дүүргийн тухайн хорооны иргэд өвөлдөө тав тухтай, дулаан орчинд нийтийн тээврээ хүлээх боломжтой болжээ.

Чингэлтэй дүүргийн 17, 18, 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинэ автобусны зогсоолуудыг ашиглалтад оруулсан байна. Эдгээр автобусны зогсоолын хоёр нь дотроо ариун цэврийн байгууламж, гар утас цэнэглэх залгавар, хяналтын камертайгаар хийгдсэн байна. Үүнээс гадна тус хэсгийн замд хурд сааруулагч, хяналтын камер зэргийг суурьшуулжээ.

Мөн Чингэлтэй эцэс хэсэгт шинээр баригдсан автобусны зогсоол тус бүр нийтийн тээврийн мэдээлэл авах ухаалаг самбартай бөгөөд тухайн замд үйлчилдэг нийтийн тээврийн чиглэлийн автобусны ирэх хугацааг харах боломжтой болжээ.

Чингэлтэйн эцэс хэсэгт автобусны зогсоол, хурд сааруулагч, камержуулалт зэрэг шинэ бүтээн байгуулалтын ажил нь 2019 оноос хойш хэрэгжиж эхэлжээ. Энэхүү бүтээн байгуулалт нь “Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд хийгдсэн байна. Санхүүжилтийн хувьд 2.5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа юм байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 1115 автобусны буудал бий. Үүний 59 нь автобусны эцсийн зогсоол юм. Эдгээрт автобусны буудлын 65 хувьд нь иж бүрэн тохижилт хийгдээгүй байсныг үе шаттайгаар шийдвэрлэж байгаа гэсэн мэдээллийг албаныхан өгсөн юм.