Сэлбэ дэд төвийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 200 өрхтэй гэрээ байгуулж, газрыг нь орон сууцжуулахаар болжээ

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил сүүлийн арван жилийн хугацаанд ердөө 11 хувийн биелэлттэй хэрэгжжээ. Тиймээс энэ ажлыг эрчимжүүлэхээр эхний ээлжинд Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах ажил үргэлжилж байна. Уг ажлын хүрээнд Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн зарим хороодод газар чөлөөлөхөөр иргэдтэй зөвшилцөж, хөрөнгийн үнэлгээ хийж байгаа юм байна.

  • Сэлбэ дэд төвийг орон сууцжуулахаар тус хэсэгт оршин сууж буй иргэдийн хөрөнгийн үнэлгээг хийж эхлээд 3 долоо хоног өнгөрсөн байна. Энэ хугацаанд нийт 200 айл, өрхтэй гэрээ байгуулж, газрыг нь дахин төлөвлөлтөд оруулахаар болжээ.
  • Ийнхүү иргэдтэй гэрээ байгуулж, газрыг нь чөлөөлж дууссаны дараа энэ оны 6-7-р сараас орон сууц барьж эхлэх юм байна.
  • Газар чөлөөлсөн хэсэгт нийт 12.000 айлын орон сууц барих юм. Ингэхдээ нам давхарын орон сууцууд барина гэж мэдээлж байна.
  • Сэлбэ дэд төвөөс гадна мөн Баянхошуу дэд төв байгуулах ажил явагдаж байна. Тус ажлын хүрээнд эхний ээлжид 110 айлын орон сууцыг энэ ондоо ашиглалтад оруулахаар төлөвлөж байна

Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах хүрээнд чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хороо газар чөлөөлөлтөд өртөж байгаа юм. Эдгээр хороодод оршин суудаг иргэдээс санал авахад ихэнх айл өрх нь газар чөлөөлөлтийг дэмжиж, орон сууцжуулах төсөлд хамрагдана гэж хариулжээ.

Түүнчлэн газар чөлөөлөлттэй холбоотойгоор иргэд хохирдог өмнөх жилүүдийн алдааг давтахгүйн тулд онцгойлон анхаарч байгаа гэж албаныхан хэлж байна. Тодруулбал, газар чөлөөлтөд өртөх айл өрхүүд бэлэн мөнгөөр газраа шууд зарах эсвэл тухайн хэсэгт 12.000 айлын орон сууц баригдах хүртэл түрээсийн байранд амьдарч, байр ашиглалтад ороход шилжин суурьших боломжтой юм байна. Түүнчлэн бэлэн баригдсан орон сууцанд шууд оруулах зэргээр иргэдийг хохиролгүй байлгахаар зохицуулалт хийжээ.

Мөн Сэлбэ дэд төв байгуулж орон сууцжуулах ажлын хүрээнд газар чөлөөлтөд орон тухайн хэсэгт дэд бүтцийн асуудлыг шийдээд байна. Тухайлбал, дулааны цахилгаан станц, хатуу хучилттай авто зам барьж байгуулжээ. Газар чөлөөлөлтийн ажил нь ямар нэг албадлага байхгүй. Зөвшилцсөний үндсэн дээр хийж байгаа гэдгийг албаныхан хэлж байсан юм. Мөн сэлбэ болон баянхошуу дэд төвүүд бий болсноор улаанбаатар хотын замын түгжрэл 36 хувь, агаарын бохирдол 22 хувиар буурна гэсэн судалгаа гарчээ.