УИХ-ын ээлжит сонгууль ирэх 6-р сарын 28-нд болно. Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааг 6-р сарын 10-аас эхлэн 17 хоног хийнэ гэж заасан хэдий ч зарим улс төрийн албан тушаалтнууд далд сурталчилгаа хийгээд эхэлсэн байна гэж АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл үзэж байгаа юм. Мөн одоогийн байдлаар цагдаагийн байгууллагад энэ төрлийн асуудлаар нийт 23 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Сонгуулийн хууль бус сурталчилгаа хийж байгаа асуудалтай холбогдуулан АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлөөс СЕХ-нд шаардлага хүргүүллээ. Мөн тэдний зүгээс сонгуулийн хууль журам зөрчсөн бүх үйлдэлд шуурхай шударага арга хэмжээ авч хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг бүх шатны хууль хяналтын байгууллагад уриалж байсан юм.
МУ-ын УИХ-ын ээлжит сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан иргэн байгууллага ААН–ээс 23 удаагийн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Үүнээс 15 нь зөрчлийн шинжтэй бол 8 нь гэмт хэргийн шинжтэй мэдээлэл байжээ. Иймд цагдаагийн байгууллагаас 24 цагийн ажиллагаатай штаб байгуулан ажиллахаар болсон байна.
Сонгуулийг бүсчилсэн тойргоор явуулах нь одоогийн байгаа улс төрчид дахин сонгогдох магадлал өндөр, шинэ залуу нэр дэвшигчид болоод шинэ намын төлөөллүүд тойрогтоо танигдах хугацаа хомс гэж олон нийтийн зөвлөлийн төлөөллүүд үзэж байгаа юм. Иймд сонгуульд өрсөлдөгч улс төрийн нам эвслүүд тэгш гараанаас өрсөлдөх нь зарчимд нийцнэ гэсэн юм.