Өнгөрсөн Мягмар гарагт "Nature" сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайланд өгүүлснээр 1940 оноос хойш дэлхийн агаарын температурыг албан ёсоор бүртгэж, хөтөлж эхэлснээс хойших хамгийн халуун зун өнгөрсөн жил тохиосон байна. Тэгвэл эрдэмтэд 1800-аад оны дунд үеийн цаг уурын бүртгэл болон дэлхийн бөмбөрцгийн хойд хэсэгт орших бүс нутгийн модны цагаригт хийсэн дүн шинжилгээнд үндэслэн температурын өсөлтийг нарийвчлан судалсан байна.
Нарийвчилсан судалгааны үр дүнд эрдэмтэд сүүлийн 2000 жилийн хугацаан дахь хамгийн халуун зуны улирал өнгөрсөн 2023 онд бүртгэгдсэн гэж үзсэн байна. ХБНГУ-ын Йоханнес Гутенбергийн их сургуулийн цаг уурч, судлаач Ян Эсперийн хэлснээр "Цаг уур, агаарын температур хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг бидний судалгааны үр дүнгээс харж болно. Түүхэн цаг хугацаанд манай гариг дэлхийн дулаарлын хохирогч болсон нь илэрхий байна” хэмээжээ.
Өнгөрсөн жилийн зуны улиралд дэлхийн хойд өргөргийн 30-аас 90 градусын хоорондох улс орнуудын агаарын температур аж үйлдвэржилтийн өмнөх үеийн дундаж үзүүлэлтийг давж цельсийн 2 градуст хүрсэн байна. Модны цагаргийн мэдээлэлд үндэслэн 2023 оны зуны сарууд МЭ 1-1890 оны хооронд тооцоолсон дундаж температураас дунджаар 2.2 грудасаар дулаан байна гэж эрдэмтэд үзсэн байна.
Үүнээс гадна Европын Холбооны Коперникийн нэрэмжит цаг уурын байгууллагын эрдэмтэд сүүлийн 100 мянган жилийн түүхэн дэх хамгийн дулаан жил өнгөрсөн 2023 онд тохиосон гэж үзэж байгаа төдийгүй судалгаа үргэлжилж байгааг онцолжээ.
Түүнчлэн судалгааны тайланд 1990-2019 оны хооронд дэлхий дахинд жил бүр 150 мянга гаруй хүн хэт халалтын нөлөөнд өртөж нас бардаг төдийгүй халуун уур амьсгал нь хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болохын илрэл юм. Энэ нь дэлхийн нийт нас баралтын 1 орчим хувийг эзлэх бөгөөд цар тахлаас улбаатай хохирлын хэмжээтэй дүйцэж байна. Бүс нутгаар нь ангилан авч үзвэл хэт халалтын улмаас нас барсан хүмүүсийн дийлэнх олонх нь Ази тивд бүртгэгдэж байна.