Орон нутгийн цагаар өнөөдөр өглөөний 6 цаг орчимд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Бээжин хотноо газардсаныг Хятадын Гадаад Хэргийн яамнаас мэдэгдлээ
Орон нутгийн цагаар өнөөдөр өглөөний 6 цаг орчимд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Бээжин хотноо газардсаныг Хятадын Гадаад Хэргийн яамнаас мэдэгдлээ. Орос, Хятад хоёр улсын удирдагч хязгааргүй стратегийн түншлэлийн харилцаагаа бэхжүүлэх, гүнзгийрүүлэх, тулгамдсан нийтлэг сорилтуудаа хэлэлцэх, зогсонги байдалд байгаа зарим хамтын ажиллагааны төслийн хэтийн төлөвийг шийдвэрлэнэ гэдгийг Кремлийн тайлбарт өгүүлсэн байна.

Өнгөрсөн 2022 оны 2-р сард В.Путин хэдэн арван мянган цэргээ Украин руу илгээх шийдвэр гаргахаасаа хэдхэн хоногийн өмнө Бээжин хотноо Хятад, орос хоёр улс "Хязгааргүй" түншлэлийн харилцаа тогтоосныг дэлхий нийтэд зарлан тунхагласан юм.

В.Путин, Ши Жиньпин хоёр хязгааргүй түншлэлээ зарласнаас хойш Украины дайн хоёр жил гаруйн хугацаанд үргэлжилж дэлхийн 2-р дайнаас хойш европ тивийн газар нутагт хамгийн олон хүний хүрсэн цуст мөргөлдөөн хүрээгээ тэлсэн юм.

2030 он хүртэл ОХУ-ын Засгийн эрхэнд үлдэх бүрэн эрхээ эдэлж эхэлсэн В.Путин тангараг өргөснийхөө дараа анхны гадаад айлчлалаа БНХАУ-д хийж байна. Айлчлалынхаа өмнө В.Путин “Манай хоёр улсын стратегийн түншлэлийн харилцаа урьд өмнө нь байгаагүй өндөр түвшинд хүрсэн тул анхны гадаад айлчлалаа Хятад улсад хийхээр сонголоо. Бид аж үйлдвэр, өндөр технологи, сансар огторгуй болон энх цөмийн эрчим хүч, хиймэл оюун ухаан, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болон бусад инновацын салбарт нягт хамтын ажиллагаа тогтоохыг хичээх болно" хэмээн мэдэгдсэн байна.

Ану-ын ерөнхийлөгч Жо Байден шинэ эрин зуунд Хятад улсыг стратегийн өрсөлдөгч гэж тодорхойлсон бол ОХУ-ыг үндэстний хамгийн том аюул заналхийлэл гэж зарлан тунхагласан юм. Мөн Жо Байден энэ зууныг ардчилал ба автократ улсуудын хоорондох оршин тогтнохын төлөөх тэмцэл гэж үзэж байгаагаа онцолсон юм. Хятад улс квант тооцоолол, синтетик биологи, тагнуул, цэргийн өндөр чадавх зэрэг бүх салбарт АНУ-ын ноёрхлыг сорьж байгаа төдийгүй автократ удирдагчид болох Путин, Ши Жиньпин нар барууны дээрэнгүй үзлийг халж, хүчний тэнцвэрт байдлыг бий болгож, олон туйлт ертөнцийг бүтээх хүсэл эрмэлзэлтэй гэдгээ илэрхийлээд байгаа юм.