Манай улс анх удаа Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуультай боллоо

Соёлын бүтээлч үйлдвэрлэл нь улс  орны тогтвортой хөгжлийг хангах үзэл баримтлалыг дэмжиж, эдийн засгийг олон тулгууртай болгох, бүтээлч авьяас билгийг нөхөн сэргээгдэх нөөц байдлаар хөгжүүлж олон улсад таниулахад чиглэдэг байна. Тэгвэл манай улсад 2021 онд анх удаа соёлын бүтээлч үйлдвэрлэлийн суурь судалгаа хийгдэж байжээ. Үүнтэй холбоотой зарим тоон мэдээллийг хүргэе.

  • Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар дэлхийн зах зээлд жилд 2.2 их наяд ам.долларын орлого олж, 30 сая орчим хүн ажлын байраар хангагддаг байна.
  • Экспортын нийт орлого нь 253 тэрбум ам.доллар бөгөөд энэ нь дэлхийн нүүрсний зах зээлээс 3.2 дахин том зах зээлийг соёлын салбар үүсгэж байна гэсэн үг юм.
  • Харин манай улсын тухайд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын орлого жилд дунджаар 481.4 тэрбум төгрөг  байдаг бөгөөд энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 1.4 хувийг эзэлж байна.
  • Өнөөдрийн байдлаар манай улсад тус салбарт 11.697 аж ахуй нэгж, байгууллага  бүртгэлтэй байгаагаас 48 хувь нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байна. Салбарыг бодлогоор дэмжсэн тохиолдолд ухагддаг бус нөхөгддөг баялгаар эдийн засгийг солонгоруулах боломжтой гэж судлаачид үздэг. Тэгвэл өнөөдөр соёлын бүтээлч үйлдвэрлэлийг бие даасан салбар болгох эрх зүйн суурь орчин бүрдээд байна.

Манай улс 2030 он гэхэд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг 4 хувьд хүргэх зорилт тавьсан. Энэхүү  зорилтыг биелүүлэхийн тулд Соёлын яамнаас соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарыг тодорхойлж батлуулсан байдаг. Үүнд “Соёлын өв”, “утга зохиол, ном хэвлэл”, “дүрслэх урлаг”, “дуу, хөгжим” “тайзны урлаг”, “кино, дуу дүрсний урлаг”, “хэвлэл мэдээлэл”, “хувцас загвар”, “архитектур”, “дизайн”, “дижитал инновац, контент”, “маркетинг, брэндинг, коммуникаци” гэх салбаруудыг тодорхойлжээ.

Өнөөдрийн байдлаар эдгээр 12 салбарын 92 чиглэлд нийт 5665 аан байгууллага идэвхтэй үйл ажиллагаа явуулж 33 мянга гаруй хүн хөдөлмөр эрхэлж байна. Салбар бүр өөрсдийн контент, бүтээгдэхүүндээ үндэсний соёлыг шингээж гадны улсад экспортолдог. 2022 оны байдлаар манай улсад 7,5 тэрбум америк долларын экспортын орлого орсны 362 мянга 209 ам.доллар буюу 0,004 хувь нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн экспортоос оржээ. Энэ дүн нэмэгдэх боломжтой бөгөөд гагцхүү хууль эрх зүйн орчин дутмаг байгааг салбарын төлөөллүүд хэлж байсан юм. Тэгвэл Соёлын яамнаас 2 жилийн хугацаанд судалгаа хийж, соёлын салбарын 4000 гаруй төлөөллөөр хэлэлцүүлсний дүнд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлснээр, эцэслэн батлагдаж, манай улсад анх удаа соёлын бүтээлч үйлдвэрлэлийг бие даасан салбар болгох эрх зүйн суурь орчин бүрдлээ.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль 6 бүлэг, 30 зүйлтэй бөгөөд тус хуульд

  • Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх,
  • Импортыг орлох, экспортод чиглэсэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх,
  • Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хэлбэр, удирдлага зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахаар тусгагдсан байна.

Ийнхүү бие даасан хуультай болсноор соёлын бүтээлч үйлдвэрлэл зөвхөн эдийн засгийн эргэлтэд орохоос гадна үндэсний өв соёлоо инновацижуулан дэлхийд таниулан, сурталчлах томоохон боломж бүрдэж байгаа юм.