Өнөөдөр Монгол улсад онцгой байдлын байгууллага үүсэж, нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ой тохиож байна
Өнөөдөр манай улсад орчин цагийн онцгой байдлын байгууллага үүсэж, нэгдсэн тогтолцоонд шилжсэний түүхт 20 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд онцгой байдлын байгууллагын ажилчдын үүрэг чиглэл, мэргэжлийн хувцас хэрэглэл, аврах ажиллагаанд ашиглагдаж байгаа техник хэрэгслийн стандарт зэргийг олон нийтэд нээлттэй танилцууллаа.

Онцгой байдлын алба хаагчид нь онгоцоор нисэж эрэн хайх, гал түймэр унтраах, үер усны аюулаас сэргийлэх зэргээр иргэдийн эд хөрөнгө, амь насыг аврах олон чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ ч утгаараа тэд урт хугацаанд бэлтгэл сургуулилт хийж, бэлэн байдлаа хангадаг юм. Тухайлбал, өөрсдийгөө чадавхжуулах, техник хэрэгслийн байдлаа шалгах, эрэлч нохойг сургах зэргээр тэд бэлэн байдлаа ханган ажиллаж байна.

Манай улсад онцгой байдлын алба хаагчид гал түймэр унтраах ажиллагаанд оролцох үедээ амиа алдах тохиолдол цөөнгүй гардаг. Үүнтэй холбоотойгоор гал унтраах техник хэрэгсэл муу, хувцас хэрэглэл нь хангалтгүй зэрэг шүүмжлэлийг иргэд хэлдэг. Тэгвэл гал сөнөөгчийн хувцас, техник хэрэгсэл нь олон улсын стандартыг хангасан, европын улс орнуудад хэрэглэгддэг юм байна.

Түүнчлэн онцгой нөхцөл байдалд цаг алдалгүй арга хэмжээ авч ажилдаг онцгой байдлын алба хаагчид өөрсдийн үйл ажиллагааны чиглэл бүрээр стандартын шаардлага хангасан техник, хэрэгслийг ашигладаг байна.

Онцгой нөхцөл байдал үүссэн үед амьсгалын бие даасан төхөөрөмж, байлдааны сүх, төрөл бүрийн гар хошуу, хөдөлгөөн мэдрэгч зэрэг сүүлийн үеийн стандартын шаардлага хангасан техник хэрэгслийг ийнхүү алба хаагчид ашигладаг байна.