Хан-Уул дүүрэгт байрлах "Буянт-Ухаа 2" хороолол нь 2015 онд ашиглалтад орж өнөөдрийн байдлаар 7000 гаруй айл өрх оршин сууж байна. Айл өрхийн усны тоолуурыг 4-6 жил тутамд баталгаажуулах ёстой байдаг бол тус орон сууц ашиглалтад орсон цагаас хойш халуун, хүйтэн усны тоолуурын баталгаажуулалт хийгдээгүй учраас орон сууцны контороос баталгаажуулах ажлыг эхлүүлжээ. Ингэхдээ оршин суугчдад урьдчилан мэдэгдэлгүй тоолуурыг салгаж хэрэглээний усыг нь хязгаарласан байна.
“Буянт-Ухаа 2” хорооллын ус дулааныг Габот орон сууцын контор хариуцдаг юм байна. Тухайн конторын зүгээс мэдээлж байгаагаар оршин суугчдад бүртгэлтэй утас руу зурвас илгээж, зар тараах хэлбэрээр урьдчилан мэдэгджээ. Мөн айл өрхүүдийн тоолуурын баталгаажуулалтыг хийхийн тулд түр салгасан, энэ нь ашиглах боломжтой болон боломжгүй тоолуурын ялгааг гаргах зорилготой байна.
Тухайн шалгалтаар дийлэнх айл өрхийн одоо ашиглаж буй тоолуур нь хэрэглээнээс хасагдсан, төлбөр хийгдэх боломжгүй, стандарт хэмжил зүйн газраас баталгаажуулахгүй гэж үзсэн тул заавал солих шаардлагатай байна.
Тэгвэл оршин суугчид ашиглах боломжгүй болсон тоолуураа буцаан авахыг хүсэж байна. Өөрөөр хэлбэл, тэд хуучин тоолуураа стандарт хэмжил зүйн газарт шалгуулж ашиглах боломжтой боломжгүйг баталгаажуулахыг хүсэж байгаа юм байна.
Буянт-Ухаа-2 хорооллыг хариуцсан контороос санал болгож буй тоолуур нь 110 мянган төгрөгийн үнэтэй байна. Мөн ажлын хөлс 20 мянган төгрөг болох бөгөөд нэг өрх нийтдээ 130 мянган төгрөгөөр тоолуураа солиулах шаардлага үүсжээ. Тэгвэл оршин суугчдын хувьд заавал тухайн хороололд зарагдаж буй тоолуурыг тавих шаардлагагүй бөгөөд өөр газраас өөр үнэтэй баталгаажсан тоолуурыг худалдан авч суурилуулах бүрэн боломжтой юм байна.