Өнгөрсөн 2022 оны 2-р сард В.Путин олон мянган цэргээ Украин улс руу илгээх шийдвэр гаргахаасаа хэдхэн хоногийн өмнө Бээжин хотноо БНХАУ, ОХУ хооронд хязгааргүй түншлэлийн харилцаа тогтоосныг албан ёсоор зарласан юм. Тэгвэл Пүрэв гарагт хоёр удирдагч аюулгүй байдлын нийтлэг сорилтуудыг хамтын хүчээр даван туулах, АНУ-ын гадаад бодлого, түрэмгий байр суурийг хүч хавсран эсэргүүцэх зорилго бүхий түншлэлийн "Шинэ эрин"-ийг эхлүүлэх амлалт өгсөн байна. Энэ түншлэлийн хүрээнд худалдаа, батлан хамгаалах, хиймэл оюун ухаан, цөмийн технологийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн, гүнзгийрүүлэхээр тохиролцсон байна.
Хэлэлцээний эхэнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Хятад, Орос хоёр улсын харилцаа нь олон жилийн тууштай хүчин чармайлтын үр дүнд бий болсон нандин харилцаа. Талууд үүнийг сэвтүүлэлгүй, ирээдүй хойч үедээ хүргэж, хөгжүүлэх хэрэгтэй” хэмээн хэлжээ. Түүнчлэн хоёр удирдагчийн хамтарсан мэдэгдэлд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтарсан бэлтгэл сургуулилалтыг тогтмол явуулах, агаар болон тэнгисийн цэргийн эргүүлийн ажиллагаанд харилцан нэгэндээ тус дэм болох, зарим төрлийн тагнуулын мэдээлэл солилцох, үйл ажиллагааг уялдуулахаар тохиролцжээ.
АНУ тэргүүтэй өрнөдийн улс орнуудын эрх баригчид Орос, Хятадын удирдагчдад хандаж батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь хор хөнөөл дагуулна гэдгийг удаа дараа анхааруулсан ч В.Путин, Ши Жиньпин нар энэ чиглэлд харилцаагаа өргөжүүлэхээр болжээ.
Дээд хэмжээний уулзалтын үеэр В.Путин, Ши Жиньпин нар монгол улсын газар нутгаар дамжуулан тавих “Сибирийн хүч 2” хийн хоолойн бүтээн байгуулалтын төслийг огт хөндсөнгүй. Тэргүүлэх судлаачид Бээжингийн тал хийн хоолойн төслийг огт сонирхохгүй байгаа гэж тооцоолж байгаагаас гадна Хятад улсын эдийн засаг удааширч, хүн ам зүйн хямралтай нүүр тулсан, мөн Ши Жиньпин олон эх үүсвэрээс эрчим хүчний нөөцөө бүрдүүлэх тууштай бодлого баримталж байгаа тул хийн хоолойн төсөл гацаанд орсон гэж үзэж байна. Уулзалтын төгсгөлд В.Путин, Ши Жиньпин нар "АНУ хүйтэн дайны үеийн үзэл баримтлалтай хэвээр байгаа бөгөөд "Өөрийн үзэл бодол нэгт улс орнуудын аюулгүй байдлыг дэлхийн аюулгүй байдал, тогтвортой байдлаас дээгүүр тавьж, эвсэл хоорондын сөргөлдөөнийг өдүүлж байна” гэж буруутгасан байна.