- Манай улсын нийт хүн амын 28 хувь нь 15-34 насны залуус байна. Тэдгээрийн 44 хувь нь нийслэлд, 51.5 хувь нь орон нутагт амьдардаг бол 4.5 нь гадаад улс оронд ажиллаж, амьдарч байна.
- Тэгвэл эх орондоо амьдарч буй залуус дотоодын ажиллах хүчний дийлэнх хувийг бүрдүүлж байна. Хөдөө аж ахуйн салбарын 30 хувь, уул уурхайн салбарын 45 хувь, барилгын салбарын 45 хувь, харилцаа холбооны салбарын 61 хувь, боловсролын салбарын 34 хувь, эрүүл мэнд, нийгмийн салбарын 40 хувь нь тус тус 34 хүртэлх насны залуус байна.
- Харин гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа залуусын 70 хувь нь дээд боловсролтой, 67 хувь нь мэргэжилтнүүд байгаа хэдий ч тухайн улс орондоо мэргэжлээрээ ажилладаггүй, гал тогооны туслах, зөөгч, цэвэрлэгч, барилгын туслах зэрэг ажлыг хийж, гүйцэтгэж байна.
- Тэдгээр залуусын 60 гаруй хувь нь эх орондоо ирж ажиллах хүсэлтэй байдаг ч хөдөлмөр эрхлэх боломж, цалин хөлс, амьд орчин тааруу зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан гадаадад ажиллаж, амьдрахаас өөр аргагүй байдаг талаар судалгаанд дурджээ.
Залуучууд бол тухайн улс орны хөдөлгөгч хүч. Тэр ч утгаараа дэлхийн улс орнууд залуусаа хөгжүүлэх, тэднийг ажлын байраар хангах, амьдрах ая тухтай орчин бүрдүүлэхэд тогтвортой хөгжлийн бодлогоо чиглүүлдэг. Харин манай улсын хөдөлмөрийн насны иргэдийн 3-ны нэгээс илүү хувийг бүрдүүлж байгаа залууст чиглэсэн бодлого, үйл ажиллагаа дутмаг учраас гадаад улсад амьдрах хүсэл давамгайлах болсныг олон улсын судалгаанд дурдсан байдаг. Тэгвэл төрөөс салбар бүрт ажиллаж буй залуусыг хэрхэн дэмжиж, тэдний хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар шийдвэрлэхээр Залуучуудын Хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулганыг зохион байгууллаа. Чуулганд оролцсон залуусын зүгээс эх орондоо ажиллаж амьдрах хүсэл эрмэлзэлтэй хэдий ч өнөөгийн нийгэмд хөдөлмөрлөж олсон мөнгө нь наад захын хэрэгцээгээ хангаж гүйцэхгүй байгааг хэлж байна.
Тэгвэл ажиллах хүчнээ дотооддоо үлдээж, залуусын өмнө тулгамдсан нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд төрийн бүхий л байгууллагын оролцоо чухал байна. Тиймээс ч тус чуулганыг Соёлын яам, Цахим Хөгжил, Харилцаа Холбооны яам, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яам хамтран зохион байгуулж байна.
Тухайлбал, Соёлын яам өнгөрсөн хугацаанд жуулчдын урсгалыг татах зорилгоор олон улсын хэвлэл, нөлөөлөгч нартай хамтран эх орноо гадны улсад сурталчлах ажлыг хэрэгжүүлсэн. Үр дүнд нь манай улсын нэр хүнд олон улсад өссөн төдийгүй үүнийгээ дагаад залуус эх орноороо бахархах, өөрсдийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэх эерэг нөлөөтэй байна.
Тус чуулганаар “Эрүүл Монгол”, “Монголдоо үлдээе”, “Цахим Монгол”, “Go Mongolia”, “Залуу Монгол” гэсэн 5 дэд сэдвийн хүрээнд залуучуудын тулгамдаж буй асуудлуудад гарц шийдлийг тодорхойлохоор зөвлөлджээ. Мөн энэ нь нэг удаадаа зохион байгуулагдаад дуусахгүй, үр дүн гаргах тодорхой ажлуудыг хэрэгжүүлэх юм байна. Улмаар ирэх 8-р сард дахин чуулахаар төлөвлөжээ.
Өнөөдрийн байдлаар Залуучуудын Хөгжлийн зөвлөлд улсын хэмжээнд 7000 гаруй залуу нэгджээ. Аймаг сум бүрд зөвлөл ажиллах бөгөөд тухайн бүс нутаг, салбар, байгууллагын залуучуудын хөгжил, оролцоог дэмжих, эрхийг хангах, салбар хоорондын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн үзэл бодлыг сонсох, хүндэтгэх, санал санаачилгыг дэмжих замаар залуучуудын үнэлэмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой байна.