Ираны Ерөнхийлөгч Э.Раиси болон Гадаад хэргийн сайд А.Амир Абдоллахиан нар нисдэг тэрэгний ослоор амь үрэгджээ

Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси Азербайжаны хилийн ойролцоох уулархаг бүс нутагт нисдэг тэрэгний ослоор амиа алдсан нь батлагджээ. Өнгөрсөн Ням гарагт Ираны Ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд болон бусад зургаан хүн зорчиж явсан нисдэг тэрэг сүйрсэн талаар мэдээлэл ил болоод байсан юм.

Өнөөдөр буюу Даваа гарагт аврагчид сүйрсэн нисдэг тэрэгний сэг зэмийг шөнөжин хайсны эцэст олсон байна. Ираны Засгийн газраас тус улсын Ерөнхийлөгч болон Гадаад хэргийн сайд нар нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэнийг хүлээн зөвшөөрсөн ч шалтгааны талаар дэлгэрэнгүй тайлбарлахаас татгалзжээ. Иран улсын Шадар сайд, Тэргүүн дэд ерөнхийлөгч Мохаммад Мохбер төрийн тэргүүний үүргийг залгуулан гүйцэтгэнэ гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Ираны төрийн өндөр дээд албан тушаалтнууд АНУ-д үйлдвэрлэсэн Bell 212 нисдэг тэргээр зорчиж явахдаа, уулын оргилыг мөргөж осолдсон нь цахим сүлжээнд нийтлэгдсэн гэрэл зурагт харагдаж байгаа юм. Амиа алдсан хүмүүсийн дунд Зүүн Азербайжан мужийн амбан захирагч, Тебриз хотын захирагч нар мөн багтаж байна. Эбрахим Раиси Ираны баруун хойд хэсэгт орших Азербайжан улстай хиллэдэг бүс нутагт албан ёсны айлчлал хийгээд буцах үедээ осолдсон байна. Нисдэг тэрэг Азербайжены Тебризээс хойд зүгт орших Варзекан мужид унасан гэж Ираны төрийн хэвлэлүүд мэдээлж байна.

Эбрахим Раиси нь өнгөрсөн 2021 онд Ираны Ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд төрийн тэргүүнд өргөмжлөгдсөнөөсөө хойш ёс суртахууны хуулиудыг чангатгахыг тушааж, Засгийн газрын эсрэг цуст жагсаалыг дарж, дэлхийн хүчирхэг гүрнүүдтэй цөмийн яриа хэлэлцээ өрнүүлэх чиглэлд анхаарал хандуулж байсан юм.

Болж буй үйл явдалтай холбогдуулан Ираны дээд удирдагч ард иргэдээ тайвшруулахыг хичээж, төрийн үйл хэрэгт ямар нэгэн саад тотгор учрахгүй болохыг хэлсэн байна. Ираны дэмжлэгтэй Хамас зэвсэгт байгууллага асар том гарз хохирол учирсанд эмгэнэлээ илэрхийлсэн төдийгүй нисдэг тэрэгний осол нь зохион байгуулалттай аллага байж болзошгүйг уламжилсан байна.

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ослын талаарх мэдээлэлтэй танилцсан гэж Цагаан ордноос мэдэгдсэн байна. Мөн Хятад улс ослын шалтгааныг тодруулахад хамтран ажиллах саналыг тавьсан бол Европын холбоо хиймэл дагуулын зураглалын технологиор тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ.

Энэхүү осол нь Иран улсад төр, нийгэм, эдийн засгийн олон хямралын улмаас санал зөрөлдөөн нэмэгдэж байгаа эгзэгтэй үед тохиож байна. Ираны Засгийн газар эзлэн түрэмгийлэл үйлдэж байгаа ОХУ-ын зэвсэгт хүчинд пуужин болон дрон нийлүүлснээр Өрнөдийн өргөн хүрээний хориг арга хэмжээнд өртөж, ОУ-ын дарамт шахалттай нүүр тулж эхэлсэн юм. Мөн өнгөрсөн оны 10-р сарын 7-нд Ираны холбоотон Хамас зэвсэгт байгууллага Израил руу довтолсноор Газын зурваст төгсгөл нь үл харагдах зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн бөгөөд Өрнөдийнхөн Ираны хатгалгаар Хамас-ыг мөргөлдөөн эхлүүлсэн гэж хардаж байгаа юм.