Газын зурвасын өмнөд хэсэгт орших Рафа хотоос 800 мянган хүн дүрвэсэн тухай НҮБ-аас мэдээллээ

Израилын арми энэ сарын 6-ны өдрөөс Газын зурвасын өмнөд хэсэгт цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш 800 мянган хүн бүс нутгийн Рафа хотыг орхин дүрвэснийг НҮБ-аас мэдээллээ. НҮБ-ын Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагийн тэргүүн Рафа хотыг орхиж байгаа хүмүүст аюулгүй хоргодох байр, хоол хүнс, ундны усны хангамж нэн шаардлагатай байгааг анхаарууллаа.

Цаашид байлдааны ажиллагаа хурцадвал 1 сая орчим энгийн номхон иргэн илүү их хохирол амсаж, амиа алдагсдын тоо өсөн нэмэгдэхийг тэрээр онцолжээ. Израилын арми Рафа хотод Хамас бүлэглэлийн эсрэг довтолгоогоо үргэлжлүүлсээр байна. Израилын Засгийн газар давшилтаа эрчимжүүлэхийн тулд нэмэлт цэргээ илгээхээ мэдэгдсэн байна. Өнгөрсөн Ням гарагт АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзсан ч тодорхой үр дүнд хүрээгүй болохыг эх сурвалжууд хэвлэлд ярьсан байна.

Ж.Салливан Газын зурваст хуурай замын томоохон ажиллагаа явуулах Израилын Засгийн газрын төлөвлөгөөг няцааж, зөвхөн Хамас зэвсэгт байгууллагын гишүүдийг онилон цохилт өгөхийг уриалсан боловч Б.Нетаньяху хүлээн зөвшөөрсөнгүй бололтой. АНУ-ын Үндэсний аюулгүй байллын зөвлөх Жейк Салливан тодорхой шаардлагуудаа хүргүүлж, хуурай замын цэргийн ажиллагаа энгийн номхон иргэдэд хор хөнөөл учруулсан хэвээр байвал зэр зэвсгийн тусламжаа зогсоох асуудлыг хөндсөн байна.