ДЭМБ -ын “Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ” санаачилгаар сонгогдсон 6 орны нэг болох манай улсад эхний ээлжийн эмийг хүлээлгэн өгч байна. Өнөөдрийн байдлаар 2 нэр төрлийн эмийг хүлээлгэж өгч байгаа бол ойрын хугацаанд 6 нэр төрлийг эмийг авчрах төлөвлөгөөтэй байгааг салбарын сайд мэдэгдлээ. Цаашдаа ДЭМБ-аас хүүхдийн хорт хавдрын 35 нэр төрлийн эмийг Монгол улсад 5 жилийн хугацаанд үнэ төлбөргүй нийлүүлэх юм.
ДЭМБ-аас бага болон дунд орлоготой 50 улсын хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдэд нэн шаардлагатай эмийг санхүүгийн хүндрэлээс хамааралгүйгээр хүртээмжтэй олгох санаачилгыг 2021 оны 12-р сард гаргажээ. Тус санаачилгын хүрээнд ДЭМБ-аас нийт зургаан улсыг сонгож, хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай эмийг үнэ төлбөргүйгээр нийлүүлэхээр төлөвлөсөн байна. Тэгвэл Номхон далайн баруун бүсэд харьяалагдах 37 улсаас зөвхөн Монгол улс сонгогдож 35 нэр төрлийн эмийг үнэ төлбөргүй авахаар болжээ. Өнөөдөр эхний ээлжийн 2 нэр төрлийн эмийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүлээлгэн өглөө.
Манай улсын 0-19 насныхны дунд жилд 100-120 гаруй хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгддэг байна. 2022 онд гэхэд л хүүхдийн хорт хавдрын 143 шинэ өвчлөл бүртгэгдсэний 53.1 хувь нь хөвгүүд, 46.9 хувь нь охид байжээ. Мөн тархины хорт хавдрын тал хүрэхгүй хувь буюу 46.7 хувь, цусны хорт хавдрын 70 хувь нь анх оношлогдсоноос хойш 5 буюу түүнээс дээш жил амьдарч байгаа нь дэлхийн дунджаас бага үзүүлэлт юм. Тэгвэл хорт хавдрын эмчилгээнд хамрагдсан хүүхдүүдийн 30 орчим хувь нь эмийн гаж нөлөө болон бусад шалтгааны улмаас бүрэн гүйцэт эмчилгээ хийлгэж чадахгүй тохиолдлууд байна. Учир нь өмнө нь манай улсад хавдрын эмчилгээний эм нь Энэтхэг болон бусад улсаас нийлүүлэгддэг байсан нь эмчилгээнд үзүүлэх нөлөө тааруу байсан гэж үзэж байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байсан юм. Харин энэ удаагийн тусламжаар нийлүүлэгдэж буй эм нь Франц улсад үйлдвэрлэгджээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдийн хорт хавдрын 35 нэр төрлийн эмийг Монгол улсад 5 жилийн хугацаанд үнэ төлбөргүй нийлүүлэх юм.